Шуурганы улмаас Увс аймагт онцгой нөхцөл байдал үүсээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс/МОНЦАМЭ/ Энэ сарын 25-ны үүрээр Увс аймгийн нутгаар хүчтэй шуурга шуурсны улмаас өндөр хүчдэлийн шонгууд унаж, өчигдөр өглөөний 7 цагаас хойш гэрэл цахилгаангүй болоод байна.
Увс аймаг нь ОХУ-аас гэрэл цахилгаан авдаг бөгөөд энэ чиглэлд өндөр хүчдэлийн 8 шон унаж, тус аймгаас гадна Баян-өлгий, Ховд аймаг гэрэл цахилгаангүй болжээ.
ОХУ-аас авдаг цахилгаан тасрах үед Увс аймаг Дөргөний УЦС-аас цахилгаан авдаг ч энэ удаад тус чиглэлд цахилгааны дөрвөн шон унаснаас Улаангом хот цахилгаангүй, усгүй, халаалт дулаангүй хоножээ. Өнөөдрөөс дулааны хоёр станц ажиллаж эхлээд байна.
Мөн өчигдөр орой 19 цагаас 22 цаг хүртэл хүчтэй шуурга шуурлаа. Энэ үеэр өндөр хүчдэлийн шон унасан эсэх талаар мэдээлэл байхгүй байна. Өлгий, Өмнөговь, Завхан суманд хүчтэй салхины улмаас айлын гэр унаж, мал сүрэг шуурганд уруудсан мэдээ ирээд байна. Өчигдрөөс Увс-Улаанбаатарын чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хааж, иргэдийг хол ойр зорчихыг хориглоод байна. Шуурганы улмаас орон нутгийн чанартай зам, даваанууд хаагджээ.
Өнөөдөр өглөө Улаангом орчмоор цаг агаар тогтуун байна.
Өндөр хүчдэлийн шонгуудыг сэргээн босгохоор Баян-Өлгий, Ховд аймгаас мэргэжлийн байгууллагаас нэмэлт хүч дууджээ.