ЕХ-ны удирдагчид Туркийн Ерөнхий сайдтай дүрвэгсдийн хямралыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-07 15:10:17

БРЮССЕЛЬ. /RIA Novosti/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын удирдагчид даваа гарагт ээлжит бус хоёр ч дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, дүрвэгсдийн хямралтай тэмцэх хамтарсан арга хэмжээний талаар Туркийн Ерөнхий сайдтай хэлэлцэнэ. Үүний дараа ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар дүрвэгсдийн хямралтай тэмцэх ерөнхий стратегийг хэлэлцэх аж.

Европын Зөвлөлийн хурлын өмнө болох ЕХ-Туркийн дээд хэмжээний энэ удаагийн уулзалт нь ийм хэлбэрээр явуулж буй хоёр дахь уулзалт болох юм. Туркийн Ерөнхий сайд Ахмет Давтоглу болон түүний Европын түншүүд хооронд хийсэн анхны хэлэлцээ 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр болсон билээ. Тухайн үед удирдагчид дүрвэгсдийн хямралтай тэмцэх үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөөг зөвшилцөж, Турк улс Сирийн дүрвэгсдэд нутаг дэвсгэртээ амьдрах нөхцөлийг сайжруулах болон ЕХ-нд нэвтэрч буй хууль бус цагаачдын урсгалтай тэмцэх үүрэг хүлээсэн юм. Үүний хариуд ЕХ дүрвэгсдийг хүлээн авахад Туркт гурван тэрбум евро  гаргаж, тус улсыг ЕХ-нд элсэх тухай хэлэлцээг түргэтгэх амлалт өгсөн билээ.

Туркийн Ерөнхий сайдтай уулзсаныхаа дараа ЕХ-ны удирдагчид Европын Зөвлөлийн уламжлалт хурлыг зохион байгуулна. Уг хурлын гол зорилго нь Шенгений журмыг буцаах болон дүрвэгсдийн урсгалтай холбоотойгоор үүссэн хүмүүнлэгийн ноцтой байдлыг шийдэх цогц арга хэмжээ авах ерөнхий мэдэгдэл батлах юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ