Пентагон: Хашоггийн хэрэг Вашингтон-Эр-Риядийн цэргийн хамтын ажиллагаанд нөлөөлөөгүй

Дэлхийн мэдээ | Улс төр
Jargal.d@montsame.mn
2018-12-07 12:53:54
ВАШИНГТОН. /TASS/. Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амь насыг хөнөөсөнтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдал АНУ-ын батлан хамгаалах салбар дахь Саудын Арабыг чиглэсэн бодлогод болон хоёр орны Зэвсэгт хүчний хамтын ажиллагаанд нөлөөлөөгүй. Энэ тухай АНУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны дарга, генерал Жозеф Данфорд “The Washington Post” сониноос зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

“Саудын Арабын тухайд бол аливаа улстай батлан хамгаалахын хамтын ажиллагааг бодлогоор тодорхойлдог бусад орноос ялгарах зүйл огт байхгүй. Одоогийн байдлаар тус улсыг чиглэсэн бодлогод хоёр орны Зэвсэгт хүчний хамтын ажиллагаанд нөлөөлөхүйц өөрчлөлт гараагүй” гэж тэрбээр хэлсэн байна.

Эр-Риядын явуулж буй бодлогыг эрс шүүмжилдгээрээ алдартай Жамаль Хашогги 10 дугаар сарын 2-нд Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарт орсноосоо хойш сураггүй болсон юм. Саудын Арабын эрх баригчид түүнийг дипломат төлөөлөгчийн газарт маргааны улмаас амиа алдсаныг 10 дугаар сарын 20-нд мэдээлсэн. Энэ гэмт хэргийг дэлхийн хамтын нийгэмлэг эрс буруушааж, мөрдөн шалгах ажлыг ил тод, шударга явуулахыг Эр-Риядад уриалсан билээ.
Холбоотой мэдээ