Эрдэнэзуу музейн барилга нурах эрсдэлтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-13 11:10:04

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 1586 онд Чингис хааны удмын Халхын Автай сайн хан санаачлан байгуулснаас хойш олон зуун жил дамжиж, өдгөө түүх, соёлын хосгүй үнэт өв, дурсгал болон үлдсэн Эрдэнзуу музей нурах эрсдэлтэй болжээ.

Энэ тухай мэдээллийг хийдийн менежер Ц.Содномцэрэн хэлж байна. Түүний хэлснээр Эрдэнэзуу хийдийг 2014 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн дүгнэлтээр үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон байна. Барилгад суулт өгсний улмаас үл хөдлөх үзмэрүүд нь эвдэрч, устах аюултай болсон төдийгүй  дээврээс нь хур тунадас их хэмжээгээр нэвчиж гоождог аж. Үүнийг сэргээн засварлах зураг төслийг 2015 онд бэлэн болгосон хэдий ч өнөөдрийг хүртэл санхүүжилтгүй байгаа юм.

Эрдэнэзуу хийдийг 1965 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 441 дүгээр тогтоолоор улсын зэрэглэлтэй Шашны түүхийн музей болгосон бөгөөд сан хөмрөгтөө 7000 гаруй цуглуулгатай. Үүнээс Монгол Улсын хосгүй үнэтийн гэрчилгээ бүхий 119 үзмэр байдаг. Түр үзэсгэлэнгийн танхим болон үзмэр үзүүллэгийн найман сүмд  нийтдээ 2000 гаруй үзмэр буюу сан хөмрөгийн 30 хувийг нь дэглэж үзэгч олонд үйлчилж байна. Жилд дунджаар 50 орчим мянган хүн манай хийдээр үйлчлүүлдэг бөгөөд тэдний 50 орчим хувь нь гаднын иргэн байдаг аж.

Холбоотой мэдээ