15 орны циркийн жүжигчид Монголд тоглоно

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2016-03-10 17:00:05

“Дэлхийн цирк Монголд 2016” олон улсын циркчдийн хамтарсан тоглолтыг “Монгол циркийн хөгжлийн төв” ТББ, Монголын Үндэсний цирктэй хамтран гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Шилдэг циркчдийн тоглолтод оролцохоор олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай жүжигчид манай улсад ирнэ. Тоглолтод Монгол, БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 15 орны 60 гаруй жүжигчин оролцох юм.

Циркийн “хаан” үзүүлбэр гэгддэг агаарын нисэлтийн үзүүлбэрээр дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ардчилсан Солонгосын жүжигчид, циркийн амь эрссэн номеруудын нэг үхлийн цагираг буюу 10 метрийн өндөртэй төмөр цагираг дээрх үзүүлбэрээрээ БНХАУ-ын жүжигчид энэ тоглолтод нэгджээ.

Мөн илбийн гайхамшгийг мэдрүүлэхээр Испанийн жүжигчид, Монголын циркчид агаарт зургаа эргэн дэлхийн рекордыг эвдсэн шидэх банзны үзүүлбэрээрээ оролцох юм. Түүнчлэн сургуультай сармагчингууд, Африкийн гурван метр урттай аварга матар, ховор үүлдрийн нохойнууд сонирхолтой үзүүлбэрээ үзүүлэх аж.

Тоглолт энэ сарын 26-наас ирэх сарын 10 хүртэл үргэлжилнэ.

Тоглолтын тасалбар суудлын зэрэглэлээсээ хамаарч 15-30 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ