Дүүргийн эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж гардуулав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-01-06 19:05:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж,  томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ үеэр тэрбээр хүүхдийн өвчний эмчилгээнд нэн шаардлагатай тариурын, дуслын шахуургыг гардуулав. Тариурын шахуурга нь өвчтөнд тарих тарианы хэмжээ болон хугацааг тохируулан шахагч багаж бөгөөд эмч сувилагч нарын ажлыг хөнгөвчилдөг давуу талтай.

Томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 6.9 хувиар бага байна. Вирүс судлалын тандалтаар томуугийн A(H1N1), A(H3N2) дэд хэвшинжийн вирус тус тус илэрчээ.

Иймээс энэ сарын 03-ны өдрөөс эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, өнөөдрийн байдлаар СХД-т 223, ХУД-т 214, БЗД-т 281, ЧД-ийн эмнэлэгт 75 хүүхдийн орон дээр 198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Чингэлтэй Эрүүл мэндийн төв 105 хувь, Хан-Уул нэгдсэн эмнэлэг 108.8 хувь, Налайх Эрүүл мэндийн төв 64 хувь, Сүхбаатар Нэгдсэн эмнэлэг 55.2 хувь, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг 50.3 хувь, Багануур Эрүүл мэндийн төв 47.6 хувь, Баянгол Эрүүл мэндийн төв 24 хувиар тус тус нэмэгдсэн.  Насанд хүрэгсдийн 157 орыг, зөөврийн 266 орыг нөөц орон зайд тавьж, нийт 423 орыг нэмэгдүүлж, зохицуулалт хийн ажиллаж байгааг эмч нар хэллээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, хүлээгдэл чирэгдэлгүй ажиллах чиглэлээр өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагаар ажиллуулах, дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах тасагт нэмэлтээр эмч ажиллуулах, хүний нөөцийг нэмэгдүүлж ажиллахыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хугацаатай үүрэг, даалгавар өгөв.

Холбоотой мэдээ