Шарын гол-Дарханы галт тэргэнд шинэ иргэн мэндэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-01-15 19:14:12

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан сумын иргэн Мягмарын Номин-Эрдэнэ нь 2019 оны нэгдүгээр сарын 14-ны орой Шарын гол сумаас Дархан чиглэлийн 603-р галт тэргээр зорчиж байх үедээ төрж, хүүтэй болжээ. Номин-Эрдэнийг төрөхөд галт тэрэгний үйлчлэгч Г.Энхтуул эх барьж авсан байна.  Үйлчлэгч Г.Энхтуултай хамт ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаа Б.Очирбат, явуулын кассир н.Одонтуул, үйлчлэгч Ц.Гансүх нар тусалж, эхийг эсэн мэнд амаржуулжээ.

М.Номин-Эрдэнийн тухайд төрөх хугацаа нь болсон ч гэр бүлийнхээ хүнтэй уулзахаар Шарын гол суманд очсон аж. Тухайн өдрийн 13.00 цагийн үед өвдөж эхлэхээр нь Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд очиж үзүүлэхэд Дархан явах хэрэгтэйг зөвлөсний дагуу оройн 19 цаг 40 минутын галт тэргэнд суужээ. Гэвч замдаа өвдөлт өгч Шарын гол-Дархан чиглэлийн 42-р зөрлөгийн орчим 20 цаг 20 минутад төрсөн гэдгийг эх барьж авсан үйлчлэгч Г.Энхтуул утсаар холбогдох үед бидэнд мэдээлэл өгсөн юм.

Өвдөлт өгөх минут ойртож, ёолж эхлэхэд үйлчлэгч Г.Энхтуул анзаарч хамт явсан авга эгчтэй нь зөвлөлдөн төрөх бэлтгэлийг хангаж эхэлсэн байна. Галт тэрэг бүрт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх ариутгасан багаж хэрэгсэл, бодис байдаг төдийгүй үйлчлэгч бүр зорчигчид ямар нэгэн зүйл тохиолдсон үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтад хамрагддаг тухай ч эх барьсан Г.Энхтуул онцолж байлаа. Тэрээр цааш нь ярихдаа хүүхдийн хүй нь толгойгоо нэг ороосон байсныг авга эгчид нь хэлж хурдан гаргаж, кассирын хайчыг гал болон бодисоор ариутгаж байгаад хүйг нь тасалсан гэсэн юм.

Зорчигчийн галт тэргэнд эсэн мэнд амаржсан М.Номин-Эрдэнэ нь Дархан өртөөнд ирсэн даруйдаа Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хүргэгдсэн ирсэн тухай 14-15-ны шөнө ээлжтэй байсан эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Г.Отгонбямба хэллээ.

Түүнчлэн М.Номин-Эрдэнэ нь 2017 онд хагалгаа хийлгэж байсан учир энэ удаад хагалгаагаар төрөх заавартай байсан гэдгийг их эмч Г.Отгонбямба онцоллоо. Энэ тухайгаа ч М.Номин-Эрдэнэ гал тэрэгт зорчиж байхдаа эгчдээ болон өвдөлт өгч төрөх үедээ эх барьж авсан хүмүүсдээ хэлж байсан аж. Гэвч замын дунд хүү мэндэлж, азаар эх эсэн мэнд амаржсанд галт тэрэгний үйлчлэгч, зорчигчид болон хүлээн авсан эмч нар баяртай байлаа.

М.Номин-Эрдэнэ хоёр охинтой, шинээр хүү мэндэлсэнд гэртээ баяр баяслыг авчирсан гэж нүүрэндээ баярын мишээлтэй инээмсэглэн ярьж байлаа.  

Галт тэргэнд мэндэлсэн хүү 2,6 кг төржээ. Одоогоор хүүд нэр өгч амжаагүй ч эх барьж авсан үйлчлэгч Г.Энхтуул Ганзам хэмээх нэр хайрлаарай гэж хэлжээ. Харин М.Номин-Эрдэнийн нөхөр хүү төрвөл Амин-Эрдэнэ, охин төрвөл Отгон-Эрдэнэ хэмээх нэр хайрлана гэж ярьдаг байсан гэнэ.

Холбоотой мэдээ