Орон нутгийн удирдлагын байгууллагын бүтэц, орон тоог эргэж харах шаардлагатай байна

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2019-01-16 15:16:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нутгийн удирдлагын тогтолцоо, эрхзүйн шинэчлэл” чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, удирдлагын тухай хуулийн талаар хэлэлцэн санал солилцож байна. Хуралдаанд оролцож буй аймаг, орон нутгийн Засаг дарга нар болон сум, орон нутгийн төлөөллүүд хэлэхдээ, төрийн ажил үйлчилгээг анхан шатанд иргэдэд хүргэж буй нутгийн удирдлагын байгууллагын бүтэц, орон тоо, төрийн албан хаагчдын үйл ажиллагааг эргэж харах шаардлагатайг өгүүлж байлаа. Төв нийслэлдээ 10 хэдэн яамтай, салбар салбарынхаа асуудлыг барьж байдаг бол сумын түвшинд 10 хэдхэн хүн төр, засгийн тэр бүх салбарын бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Орон нутагт ажиллаж буй төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны асуудлыг эргэж харах хэрэгтэй байна. Өнөөдөр сумын Засаг даргын Тамгын газар ажиллаж буй албан хаагч дунджаар 550 мянган төгрөгийн цалинтай байгааг дурдацгааж байлаа.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн хуралдаанд хэлсэн үгэндээ, “Ямар ч орны хувьд нийгэм, эдийн засгийн хөгжлийг удирдан чиглүүлэхэд аль ч улс орны Засгийн газрын алсын хараа нь зөв бодлого, сайн зохион байгуулалт байж хөгжлийн хүчин зүйл болдог. Ийм учир төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдмэл, тогтвортой, үр дүнтэй ажилладаг төрийн алба олон хүчин зүйлийн уялдаа холбоо нь болох”-ыг онцлов.


Тэрээр, “Тогтвортой, хүчтэй, чадварлаг төрийн албанд суурилсан, урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогын загварыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ үүднээс манай Засгийн газар бодлогын болон үйл ажиллагааны нэгдсэн байдлыг хангах Сайн төр, Монголын баялаг (эдийн засаг), Монгол хүн гэсэн “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг батлан хэрэгжүүлж байна. Сайн төр гэдэг нь засаглалын шинэчлэлийг хэрэгжүүлж, шударга байдал, сахилга хариуцлагыг дээшлүүлснээр олон түмэн төрдөө итгэдэг, төрийн албан хаагчид үүний төлөө ажиллахыг хэлнэ" хэмээв.


 

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ