Уран зургийн мэдрэмжээр авьяасыг нь тэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-13 15:06:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бага насны хүүхдүүд зураг зурж байхдаа жишин бодож, харьцуулан дүгнэхэд суралцдаг тул оюун ухаанд нь онцгой сайн нөлөөтэй. Тэгснээр зураг зурах нь бүхий л хичээлдээ амжилттай суралцах нөхцөл болдог хэмээн "Mэдрэмж" зургийн дугуйлангийн багш нар ярьж байна.

Дүрсийг ялгах чадвар сайжирснаар тархины танин мэдэх, тогтоон санах, сэтгэн бодох чадвар нь хөгжиж, өөртөө итгэх итгэлтэй болдог байна. Бага насны хүүхдүүд будгийн харандаагаар сараачиж байвч хөдөлгөөний уян хатан чадварт суралцаж байдаг. Тэгснээр анхаарлаа төвлөрүүлж, сууж сурахад нь сайнаар нөлөөлдөг бөгөөд улмаар зургаа тайлбарлах бүрт нь хэл яриа нь баяжиж байдаг байна. Мөн зураг зурах нь зохион бүтээх чадварт суралцах гол суурь болдог аж. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд гаргасан алдаанаасаа суралцсаар, цаашид өсөж том болоод шинийг санаачлах чадвар, бүтээлч сэтгэлгээтэй болон төлөвшдөг аж. 

 "Мэдрэмж" уран зургийн галарейнхан монгол хүүхэд багачуудын авьяасыг тэлж, уран бийрийн увдист "мэдрэмж" төрүүлэх зорилгоор дээрх дугуйланг саяхан нээсэн байна.

Холбоотой мэдээ