Канадын нийслэл хотод их хэмжээний цас орж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-02-13 13:56:17

ОТТАВА. /TASS/. Канадын нийслэл Оттава хотод мягмар гарагт их хэмжээний цас орж эхэлсэн нь хотын амьдралд хэдийнэ нөлөөлж эхэлжээ. Тус улсын Цаг уурын ажиглалтын газраас мэдээлснээр, нийслэл хотод нэг хоногийн дотор 40 см хүртэл цас орох төлөвтэй байгаа нь бараг нэг сард унах хур тунадасны хэмжээтэй тэнцэх аж.


Их хэмжээний цас орон нутгийн цагаар 16 цагт орж эхэлсэн бөгөөд хүчтэй салхи дагуулж байгаа нь хотын авто замуудын байдлыг улам дордуулсан байна. Салхины хурд секундэд 17 метрт хүрч байгаа аж. Их хэмжээний цас болон үзэгдэх орчин муу байгаагийн улмаас авто замын хөдөлгөөний хурд цагт 20 км болж буурсан байна. Үүнээс гадна, жижиг ослууд гарч, замын хөдөлгөөний урсгалыг нэлээд удаашруулж байгаа аж. Оттава хотын олон улсын нисэх онгоцны буудал хэдэн арван нислэгээ цуцалж, хойшлуусан тухайгаа цахим хуудсандаа мэдээлжээ.


Цаг агаар таагүй байгаатай холбоотойгоор лхагва гарагт хотын сургууль, цэцэрлэгүүдийг хаахаар болсон байна.



Холбоотой мэдээ