“Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөр дотоодын зах зээлийг хамгаална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхантай уулзаж, “Үйлдвэрлэгч Ховд” шинэ хөтөлбөрийн талаар тодрууллаа.
-"Үйлдвэрлэгч
Ховд" хөтөлбөр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хэрхэн дэмжих вэ?
-Өнгөрсөн оны 12 дугаар сард өрхийн үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийн хэлэлцүүлгийг иргэд, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан 3 удаа зохион байгууллаа. Иргэдийн саналыг тусган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн 2018 оны 105 дугаар тогтоолоор батлуулан хэрэгжүүлэхээр болсон. Үүний зэрэгцээ аймгийн хэмжээнд 2019 оныг “Өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих жил”-ээр зарлаад байна.
- Тус хөтөлбөрийн зорилго, зорилт нь юунд чиглэж байна вэ?
- Аймгийн
хэмжээнд үйлдвэрлэл эрхлэгчид хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар
түншлэлийг өргөжүүлэн, кластераар хөгжүүлж, тэдгээрийн өрсөлдөх чадварыг
дээшлүүлэн, дотоодын зах зээлийг хамгаалах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг
нэмэгдүүлэн, эдийн засаг, нийгмийн өсөлтийг хангахад чиглэх юм.
“Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийн
зорилтын хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчид хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар
түншлэлийг өргөжүүлэн, үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, аймгийн үйлдвэрлэл
эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн дотоодын компаниудын үйл ажиллагааны
тогтвортой, эдийн засгийн үр ашигтай байдлыг хангах, борлуулалтыг нэмэгдүүлнэ.
Үйлдвэрлэлийг хөгжүүлэх их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын оролцоотойгоор инновацид суурилан хөгжүүлэх,орон нутгийн онцлог хэрэгцээнд тохирсон үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжин хөгжүүлэх замаар ажлын байрыг бий болгон зорилтот өрхийн иргэдийг ажлын байраар хангаж, ажилтай орлоготой болгохыг зорьж байна.
-“Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийн ажлын шинэ гарааг хэрхэн эхлүүлж байна вэ?
-Үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэлийн зориулалттай газрын асуудлыг бодлогоор дэмжин Аймгийн ИТХ-аар үйлдвэрийн бүсэд 10 га газрыг үйлдвэрлэлийн чиглэлээр олгохоор шийдвэрлэсэн.
“Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийн
уриалга гаргаж, өөрсдийн хийж чадах бүх чиглэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг
бодлогоор дэмжиж, хөгжүүлэн, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, Ховдод үйлдвэрлэсэн бүтээгдхүүнээ
хэрэглэж, худалдан авалт хийж, орон нутгийн үйлдвэр эрхлэгчдээ дэмжиж ажиллана.
Сум хөгжүүлэх сангийн болон
жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийн сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй
явуулж бодит үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжихийг уриалж байна.