Британийн цэргүүд робот техник ашиглан сургууль хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-17 13:06:20

ЛОНДОН. /TASS/. Нисгэгчгүй нисдэг аппарат, тэнгисийн автомат хэрэгслүүд болон хүн удирдан жолоодох шаардлагагүй бусад шинэ техник зэрэг цэргийн робот техникүүд ашигласан анхны томоохон сургуулилт хийх төлөвлөгөөгөө Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Энэ тухай “The Guardian” сонины цахим хувилбарт мэдээлжээ.

“Автомат цэрэг” /Unmanned Warrior 2016/ гэж нэрлэсэн сургуулилтыг энэ оны 10 дугаар сард Шотландын баруун эрэг хавьд явуулах НАТО-гийн "Нэгдсэн цэрэг" /“Joint Warrior”/ цэргийн томоохон сургуулийн үеэр явуулах аж.

“The Guardian” сонинд мэдээлснээр, “цэргийн ур чадварыг Норт-Минч хоолойд шалгах бөгөөд сургуулилтын үеэр нисгэгчгүй болон тэнгисийн цэргийн баазын автомат хэрэгслүүдийг, мөн агаарын тагнуулын хэрэгслийг ашиглахад гол анхаарлаа хандуулна”. Уг сургуулилтад мөн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин болон НАТО-гийн Тэнгисийн судалгаа, туршилтын төвийн мэргэжилтнүүд нэгдэнэ.

"Нэгдсэн цэрэг" /“Joint Warrior”/ нь НАТО-гийн Европт хийдэг хамгийн өргөн хүрээтэй сургуулилт бөгөөд жилд хоёр удаа дөрөв, 10 дугаар сард хийдэг байна. Өнгөрсөн онд хийсэн зөвхөн нэг сургуулилтад гэхэд 50 хөлөг онгоц, агаарын 70 нэгж техник, 13 мянган бие бүрэлдэхүүн болон НАТО-гийн гишүүн 15 орон оролцжээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ