Чех улстай усан цахилгаан станцын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-03-05 10:31:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны сайд Марта Новаковагийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Ц.Даваасүрэн сайд БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны сайд Марта Новаковатай албан ёсны уулзалт хийж, сэргээгдэх эрчим хүч, усан цахилгаан станцын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхлоо илэрхийллээ. Мөн цаашид эрчим хүчний зохистой эх үүсвэрийг бүрдүүлэх, эрчим хүчний системийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хамтарсан судалгаа, шинжилгээ хийх зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

Түүнчлэн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн танхимын Сонгуулийн байнгын хорооны дарга, Чех-Монголын Парламентын бүлгийн гишүүн Станислав Берковец, Парламентын Сенатын танхимын гишүүн Ярослав Доубрав нартай уулзаж, хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэх асуудлаар ярилцав.

Айлчлалын үеэр Монголын төлөөлөгчид ухаалаг цахилгаан тоолуур, алсын зайнаас удирдах, орчин үеийн хэмжих системийг “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-д нэвтрүүлж байгаа Чехийн “ZPA Smart energy” компанийн ажилтай танилцсан байна. Түүнчлэн Эльба голд байрлах Лес Краловствигийн усан цахилгаан станцын ажилтай танилцаж, эрчим хүчний хангамжийн бүтцийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийг эрчим хүчээр найдвартай хангах, жижиг болон дунд чадлын усан цахилгаан станц байгуулах нөөц боломжийн талаар ярилцлаа.

Холбоотой мэдээ