“Степпа Арена” ордны газар шорооны ажил ирэх сард эхэлнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-03-12 15:51:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо болсон шайбтай хоккейн "Asian challenge cup” тэмцээнд түрүүлсэн Монголын багийг өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

Монголчууд 3х3 сагсан бөмбөг, хоккей, хөлбөмбөг зэрэг багийн спортоор амжилт гаргаж, түүнийгээ бататгаж байгаа нь бахдам амжилт хэмээн Ерөнхийлөгч уулзалтын эхэнд онцлов. Түүнчлэн “Буянт-Ухаа” спорт цогцолборын орчимд олимпын стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12,7 мянган ам дөрвөлжин метр талбайтай “Степпа Арена” ордон байгуулахаар ажиллаж байгааг дурдсан юм.

Тэрбээр, "Өнгөрсөн жил уулзахдаа, та бүхний амжилтыг баталгаажуулахын тулд мөсөн ордонтой болгох асуудалд анхаарна гэж хэлснийг санаж байгаа байх. Чех, Канад гээд олон улстай ярилцсаны дүнд 15 сая ам.долларын өртгөөр “Степпе Арена” ордон барих болсон. Ирэх сараас ордны газар шорооны ажил эхэлнэ. Энэ нь 2020 онд Улаанбаатар хотод болох Азийн хүүхдийн наадмын бэлтгэл ажлын нэг хэсэг болох юм. Мөн ирэх сард 10 мянган хүний суудалтай хөлбөмбөг, хөнгөн атлетикийн талбайн ажил эхэлнэ. Энэ бүхэн нь Монголд, эх орны ирээдүй болсон залуус, хүүхдүүдэд үлдэнэ" гэлээ.

Холбоотой мэдээ