УИХ-ын ээлжит бус чуулган даваа гарагт эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногийн даваа гараг буюу энэ сарын 18-нд эхэлнэ.
Татварын багц хуулиуд болон төрийн худалдан авах ажиллагааг зохицуулах хууль тогтоомжийг шинэчлэх зэрэг шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ээлжит бус чуулган зарлана гэдгээ УИХ-ын дарга Г.Занданшатар 2018 оны намрын ээлжит чуулганы хаалтын үеэр онцолж байв.
Энэ
дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганыг энэ сарын
18-29-нд хуралдуулахаар товлосон. Чуулганаар нийт найман асуудал хэлэлцэх юм.
Үүнд:
-Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төсөл
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын
төсөл
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан
авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай
асуудал
-Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал
-Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал