Эмзэг бүлгийн иргэдэд үйлчлэх эмнэлгийн тусламжийг сайжруулна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-04-03 19:09:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн Хот болон Нийгмийн Салбар хариуцсан дарга ноён Сангэй Пенжортойг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй зээл, буцалтгүй тусламж болон техник туслалцааны төслүүдийн хэрэгжилт, шинэ төсөл, хөтөлбөрийн талаар санал бодлоо солилцов.


Азийн хөгжлийн банк 1993 оноос хойш Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоог өөрчлөн шинэчлэхэд техникийн болон арга зүйн дэмжлэг үзүүлж ирсэн. Өнөөгийн байдлаар, 84.9 сая ам.долларын 5 зээлийн төсөл, 37 сая ам.долларын 7 удаагийн буцалтгүй тусламж, 10.65 сая ам.долларын 15 техникийн туслалцааны төсөлд нийт 132.55 сая ам.долларын тусламж үзүүлээд байна. Тухайлбал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, санхүүжилт, эрүүл мэндийн даатгал болон эмийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн мэдээллийн технологи, хүний нөөцийг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх чиглэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

АХБ-ны хөнгөлттэй зээлээр хэрэгжих Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төслийг Монголд анх удаа, Олон шатлалт санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд, 2019 оноос 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
 Тус хөтөлбөрийн хүрээнд, Ховд аймгийн БОЭТ, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын засвар, өргөтгөл, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга, Яаралтай тусламжийн төвийн барилга, сумын эрүүл мэндийн төвийн 6 барилга, өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 6 барилга барих юм.

Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний Стратегийн худалдан авагчийн тогтолцоо бий болгох, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Төслийн нийт санхүүжилт 160.0 сая ам.доллар бөгөөд Олон шатлалт санхүүжилтийн хөтөлбөрийн дагуу эхний үе шатанд 80.0 сая, 2 дахь шатанд 40.0 сая, 3 дахь шатанд 40.0 сая ам.долларын өртгөөр 3 үе шаттай санхүүжүүлэх аж.

Холбоотой мэдээ