Хууль зөрчсөн компанийн үйл ажиллагааг зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-04-16 12:36:17

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Даланжаргалан сумын Бичигт багийн нутаг Худагт хэмээх газарт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг "Олон ихт баян" ХХК-ийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тус компани нь газар ашиглах зөвшөөрөлгүй төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн суурь цутгах, агаарын шугам татаж бетон зуурмагийн үйлдвэр ажиллуулж байсан учир улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоосон байна.

Дээрх шалгалтыг төрийн бус байгууллагаас гаргасан гомдлын дагуу зохион байгуулсан аж. Даланжаргалан сум нь тус аймгийн уул уурхайн салбарын хөгжлийн голлох сум юм.

2018 онд тус суманд ашиглалтын болон хайгуулын 108 зөвшөөрөл олгосон байсныг хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үүднээс цөөрүүлж 93 болгосон аж. Энд жонш угаах болон шахмал түлшний үйлдвэр, цемент боловсруулах үйлдвэр ажиллаж байна.

Холбоотой мэдээ