Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө 21 сая төгрөгөөр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-17 15:11:52
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Дундговь аймгийн Дэрэн сумын “Сум хөгжүүлэх сан”-д 2011 оноос хойш нийт 168,0 сая төгрөг байршуулж, 60 гаруй бизнес эрхлэгчид зээл олгосон бөгөөд өнөөдрийн байдлаар тус санд 21 сая төгрөгийн зээлийн хүү хуримтлагджээ.   

Сум орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих зорилгоор Засгийн газраас шийдвэр гарч, 2011 онд тус сумын СХС-д 50,0 сая, 2013 онд 100 сая, 2014 онд сангийн зарцуулалтын үр дүнг харгалзан 18,0 сая төгрөгийн хуваарилалт хийж, нийт 168,0 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй болсон аж.

Тус сангаас 2016 он хүртэл давхардсан тоогоор үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 60 гаруй хүнд зээл олгосон хэдий ч зээлдэгчид зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас 2017, 2018 онд нэмж зээл олголгүй, эргэн төлүүлэх ажлыг шат дараатай авч хэрэгжүүлснээр одоо зээлийн эргэн төлөлт 90 гаруй хувьтай болжээ.

Тиймээс сумын ИТХ-аас энэ онд СХС-гаас зээл олгох шийдвэр гарган, бизнес эрхлэгчдийнхээ дунд төслийн уралдаан зарлаж, тэднийг чадавхжуулах зорилгоор Бизнесийн тухай ойлголт, бизнесийн төсөл боловсруулах чадваржуулах сургалтыг “Говийн хөгжил-Наран” ТББ-тай хамтран зохион байгуулжээ.

Сургалтад 20 гаруй бизнес эрхлэгч оролцож авто засвар, үсчин зэрэг үйлчилгээ, нэхий боловсруулах, хүнсний ногоо тариалах, оёдол, мод, модон эдлэлийн үйлдвэрлэл байгуулах чиглэлээр төсөл боловсруулах дадлага хийжээ.

Холбоотой мэдээ