Канадад мэргэжлийн уулчид амиа алджээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-04-22 14:10:45

ОТТАВА. /CBS/. Канадын Алберта мужийн “Банф” үндэсний паркийн Хадат уулын нурангийн улмаас амиа алдсан мэргэжлийн уулчдын цогцсыг олсон тухай тус улсын эрх баригчид мэдээлэв. 


Австралийн иргэд болох 28 настай Дэвид Лама, 35 настай Хансйорг Ауэр болон Америкийн иргэн, 36 настай Жесс Роскелли "Хаус" оргилын өмнөд бэлээс авирахыг оролдож байсан аж. Тэд гадуур хувцасны “North Face” брэндийн ивээн тэтгэдэг багийн тамирчид байжээ.


Ж.Роскелли нь 2003 онд 20 настайдаа Эверестийн оргилд авирсан бөгөөд тухайн үедээ дэлхийн хамгийн өндөр оргилд гарсан хамгийн залуу хүнээр тодорч байжээ. Д.Лама, Х.Ауэр нарын хувьд авирахад хамгийн хэцүү оргилуудад гарсан дэлхийн хэмжээний уулчид байсан ажээ.


Уулчдыг сураггүй болсон талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт гарч, амиа алдсан байж болзошгүй хэмээн таамаглаж байсан боловч цаг агаарын хүнд нөхцөлийн улмаас эрэн хайх ажиллагаа удааширсан байна.


“Амиа алдагсдын ар гэрийнхэн, найз нөхөд, хайртай дотны хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлж байна” гэж “Банф” үндэсний парк албан ёсоор мэдэгджээ. 

Холбоотой мэдээ