Цахим халдлагатай тэмцэх үндэсний төв байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-23 14:29:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн бодлого, зохицуулалтын чиг үүргийн ялгаа заагийг тодорхой болгон, салбарын үр ашигтай шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого зохицуулалтыг хөгжлийн шинэ шатны зорилго зорилтуудад нийцүүлэн сайжруулах асуудлыг тусгажээ. 


Радио долгионы тухай хуульд хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд радио долгионы үзүүлэх сөрөг нөлөөллийг хязгаарлах, радио давтамжийн ашиглах эдийн засгийн үр өгөөжийг нэмэх, нэр томьёог олон улсын гэрээ, конвенц, Дэлхийн радио холбооны дүрэмтэй нийцүүлэх заалт тусгасан байна. Мөн Дэлхийн радио холбооны их хурал, бүсийн бэлтгэл хуралд бэлтгэх, радио долгионы улс хоорондын зохицуулалт хийх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, мэргэжлийн санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулах, түүнийг эрх зүйн байдлыг тодорхойлохоор тусгажээ.


Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шуудангийн үндсэн сүлжээний тодорхойлолт, эзэмшигчийн статусыг олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлох, шуудангийн нэгдсэн кодын тодорхойлолт, хүргэлтийн давтамж, чиглэл болон хугацааг дэлхийн жишигт нийцүүлэх заалт тусгасан байна. 


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх эсэхийг тодруулж байв. Мөн бусад улсад цахим орчинд хаяг нээхдээ өөрийн регистрийн дугаарыг оруулдаг байх зохицуулалт хийсэн бөгөөд Харилцаа холбооны тухай хуулийн төсөлд энэхүү заалтыг тусгасан эсэх, хуурамч хаяг ашиглан бусдыг гүтгэж доромжилсон этгээдэд хариуцлага тооцох заалт тусгасан эсэхийг тодруулж байлаа.


Холбогдох албаныхан Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, яамдын саналыг тусгахаар ажиллаж байгааг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн гишүүд дурдлаа. Уг хуулийн төсөлд цахим халдлагатай тэмцэх үндэсний төв байгуулах талаар тусгасан байна. Мөн ажлын багийн гишүүд “Фэйсбүүк” компанийн удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзаж, цахим сүлжээгээр бусдыг гүтгэн доромжилсон иргэний шинжтэй зөрчлийг илрүүлэхэд хамтран ажиллах болжээ. Ингэхдээ тухайн хаягийг хаах бол "Фейсбүүк" компани Харилцаа холбооны зохицуулах газартай, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэх бол цагдаагийн байгууллагатай, үндэсний аюулгүй байдалтай холбоотой бол тагнуулын байгууллагатай хамтран ажиллах юм.


Ийнхүү хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ