Монголын зах зээлд "Лада" нэвтэрснийг Оросын хэвлэлүүд онцолж байна

Хилийн чанадаас
nandintsetseg@montsame.gov.mn
2019-04-24 09:50:39

Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын нэрийн хуудас "Лада" Монголын зах зээлд нэвтэрснийг Оросын хэвлэлүүд онцолж байна. Учир нь энэ сарын 19-ны өдөр Улаанбаатар хотод "Лада төв" нээлтээ хийж, автомашинуудаа албан ёсоор борлуулж эхэлсэн юм.

ОХУ-ын томоохон автомашин үйлдвэрлэгч “Автоваз” компанийн Монгол дахь онцгой эрхт борлуулагчаар “Руссо Моторс” компани ажиллаж байгаа юм. "Лада"-г Монголын зах зээлд нэвтрүүлэхэд 2018 онд “Монгол Оросын санаачлага”-ын хүрээнд ОХУ-ын Хүнд үйлдвэр худалдааны яамтай хийсэн хэлэлцээр түлхэц болсныг “Руссо Моторс” компанийг үүсгэн байгуулагч Н.Наранбаатар онцолжээ.

“Орчин үеийн загвар хийц, хэрэглээ, боломжийн үнэ зэрэг давуу талаараа Лада монголчуудын сонирхлыг ихэд татаж байна. Бид Монголын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх том зорилготой байгаа. Оросын Засгийн газрын экспортын логистикийг дэмжих хөтөлбөрүүд шинэчлэгдвэл, Лада Монголын автомашины зах зээлийн 15 хувийг хангах боломжтой” хэмээн тус компанийн Гадаад худалдаа эрхэлсэн захирал М.Миссана Улаанбаатар дахь Лада төвийн нээлтийн үеэр онцолсон байна.


Монгол дахь Лада төвийн барилгын гадаад болон дотоод хийц загвар шаардлагыг бүрэн хангасан бөгөөд ажилчид нь тусгай сурагалтад хамрагдсаныг “Автоваз”-ын хэвлэлийн албанаас мэдээлж байна.

Эхний ээлжинд суудлын Lada Vesta Cross, Vesta SW Cross, дунд оврын Lada 4х4 зэрэг гурван загварыг Монголын хэрэглэгчдэд нийлүүлж эхлээд байгаа аж. Энэ ондоо багтаад Xray Cross, таван хаалгатай Lada 4x4, оросуудын таашаадаг Granta, Largus загваруудыг мөн борлуулж эхлэх юм.

2018 онд Лада-ийн экспорт 58 хувиар нэмэгдсэн тоо бий. Дэлхийн 34 оронд экспортолдог уг машины хамгийн том худалдан авагч нь Казахстан, Таджикистан зэрэг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд байдаг.

 Сонирхуулахад, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшиж байсан Оросын Ростех корпораци Автоваз компанийн томоохон хувьцаа эзэмшигч юм.   

Холбоотой мэдээ