Фермерийн үнээний сүү хямд байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-04-25 12:39:55

Завхан/МОНЦАМЭ/.Завханд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал аж ахуй эрхэлж байгаа иргэдийг дэмжих зорилгоор 2016 оноос хойш газар эзэмшүүлжээ.

Тодруулбал Алдархаан, Улиастай, Цагаанхайрхан зэрэг долоон сумын 27 иргэн, аж ахуйн нэгжид 3-10 га газрыг сумын  ИТХ, Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлжээ. Эдгээр аж ахуйн нэгжид сүү-махны хар тарлан, алатау, симменталь үүлдрийн эрлийз 400 гаруй үхрийг үржүүлснээр нэг үнээнээс жилд 1700-2300 литр сүү авч аймаг, сумын төвийн иргэд болон цэцэрлэг, сургуулийн хэрэгцээнд нийлүүлж байна. Ингэснээр цэцэрлэг, сургуулийн хүүхдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлж сүүний үнийг тогтвортой байлгахад нөлөөлж буй юм.

Өнөөдөр Завхан аймагт зах зээлийн үнэлгээгээр малчдаас бэлтгэж ирсэн нэг литр сүү 3000 төгрөгийн үнэтэй байгаа бол харин дээрх аж ахуйн нэгжүүдээс нийлүүлдэг сүү литр нь 2500-2800 төгрөг байна. Харин үйлдвэрийн савлагаатай сүү 3200-3600 төгрөгөөр худалдаалагдаж байна. Мал төллөж байгаа хэдий ч сүү, цагаан идээ элбэг гарахгүй гар дээрх худалдан авалт ховор байна. Тиймээс фермерийн үнээний сүү эрэлт ихтэй байгаа талаар сүү, цагаан идээний худалдаачид мэдээлэв. 

Холбоотой мэдээ