Монгол, Тайванийн барилгын бизнес эрхлэгчид хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-04-26 16:37:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо өнөөдөр нээлтээ хийж буй “Олон улсын барилгын материалын үзэсгэлэн”-гийн үеэр Монгол Улсын “Барилга МН” ХХК, Тайванийн “Да Жань” хувьцаат компани хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ нь  хоёр орны үзэсгэлэн зохион байгуулагчдын хамгийн анхны хамтын ажиллагаа болж байна.


“Барилга МН” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цолмонгэрэл: Миний хувьд өнгөрсөн гуравдугаар сард Тайваньд болсон “Тайпэйн ухаалаг хотын үзэсгэлэн -2019”-д оролцсон бөгөөд ухаалаг барилгын материалын технологийн хөгжил нь гүнзгий сэтгэгдэл үлдээсэн. Тайванийн Олон улсын барилгын материалын үзэсгэлэн нь олон жил амжилттай гарч буй нэр хүндтэй, томоохон үзэсгэлэн билээ. Тус үзэсгэлэнг 2013 оноос хойш 5 жил дараалан Дэлхийн үзэсгэлэнгийн холбооноос (UFI) Тайваньд болдог хамгийн өргөн цар хүрээг хамарсан барилгын салбарын олон улсын үзэсгэлэнгээр нэрлэсэн. Энэ удаа талууд хамтран ажиллах санамж бичиг байгуулж буй явдал нь талуудын барилгын материалын салбар дахь харилцаанд ахиц гаргахад тустай юм.

 

“Да Жань” компаний Ерөнхий захирал ноён Чиү Вэнь Лиан: Сүүлийн жилүүдэд Монгол орны эдийн засгийн байдал сэргэж байна. Тухайлбал өнгөрсөн оны эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрсэн бөгөөд эдийн засгийн өсөлт нь барилгын материалын эрэлт тасралтгүй өсөн нэмэгдэхэд эерэгээр нөлөөлж байна. Энэхүү үзэсгэлэнд оролцож, хоёр орны барилгын бизнес эрхлэгчдийг холбох чиглэлээр хамтран ажиллах болсондоо туйлын баяртай байна. Монголын барилгын зах зээлд цааш өргөжин хөгжих асар өргөн нөөц бололцоо, эрэлт байсаар байна. Иймд Тайваньд үйлдвэрлэсэн жижиг багаж хэрэгсэл, химийн үйлдвэрүүдэд ашиглах зориулалт бүхий барилгын материал, керамик барилгын материал, ITC ухаалаг барилгын материал болон байгаль орчинд ээлтэй, ногоон барилгын материал зэргийг Монголын зах зээлд таниулах, нийлүүлэх боломжтой гэж үзэж байна. Үүнээс гадна барилга угсралтын арга, аргачлал, технологи, санхүүжилт зэрэг чиглэлээр талууд өөр өөрийн давуу талаараа харилцан бие биенээ нөхөж хамтран ажиллах боломжтой.


Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгч Хуан Куо Рун: Монгол Улсын эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс манай төлөөлөгчийн газраас сүүлийн жилүүдэд хоёр талын бизнес эрхлэгчдийн хооронд холбоо тогтоох ажлыг эрчимжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд Тайванийн Экспорт импортын банкны бага хүүтэй санхүүжилтийн зээлэнд Монгол орны бизнес эрхлэгчдийг хамруулах, Тайваньд үйлдвэрлэсэн эмнэлгийн тоног болон мэдээлэл харилцаа холбооны тоног төхөөрөмж зэрэг бүх төрлийн худалдан авахад дэмжлэг үзүүлэх ажлыг эрчимжүүлж байна. Тайвань Монголын барилгын материалын үзэсгэлэн зохион байгуулагч байгууллагуудын хамтын ажиллагаа нь Монгол орны барилга, орон сууцны чанар, стандартыг дээшлүүлэхэд эерэг таатай нөлөө үзүүлнэ гэж найдаж байна” гэв.  

Холбоотой мэдээ