Хилийн цэсээр өргөн хүрээтэй түймэр ахин орж ирж болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-04-27 18:33:10

Хэнтий /МОНЦАМЭ/ ОХУ-аас Монгол Улсын хилийн цэсийн 780, 781, 782, 783, 784-р тэмдэгтээр Хэнтий аймгийн Батширээт сумын Ар, Өвөр тарвагатайд түймэр орж иржээ. 

Өчигдрийн бага үдийн байдлаар /2019.04.26 11:00 цагт/ ОБГ-ын дарга, дэд хурандаа Н.Чанцалаар ахлуулсан 50 шахам хүний бүрэлдэхүүнтэй баг Өвөр тарвагатай уулын зүүн хэсгийн 10 гаруй км газрыг цурам татаж, аюулгүй болгон баруун хэсэгт хүч нэмэгдүүлэн ажиллаж эхэллээ. Гэсэн хэдий ч өнөөдөр салхины чиглэл хойноос урагш чиглэсэн, хилийн цэсийн 779 тэмдэгтийн цаана гарч буй өргөн хүрээтэй түймэр орж ирэх өндөр магадлалтай байна. Тиймээс аймгийн Засаг дарга Н.Ганбямба Ерөнхий сайд, Шадар сайдтай холбоо тогтоож, ОХУ-аас тусламж авах, түймрийг даруй унтраахад анхаарч байна.

Түймэр унтраах ажил дөрөвдүгээр сарын 23-наас эхэлж, аврах ангиуд хилийн застав, тусгай хамгаалалттай газрууд, гурван сумын мэргэжлийн анги, ард иргэдээр хүч нэмэгдүүлэн 230 шахам хүний бүрэлдэхүүнтэй гурван хэсэгт хуваагдан ажиллаж байна. Ойрын өдрүүдэд салхины хүч ихтэй, өргөн хүрээтэй түймэр гарсан учраас унтраахад хүндрэлтэй, үүрэн телефоны сүлжээгүй, шөнөдөө хөвчид -11 хэм хүртэл хүйтэрч байна.

Албаны мэдээллээр түймрийн тархалтын өргөн 20 км хүртэл, манай улсын хилийн цэс рүү 15 км цөмөрчээ. Албан хаагчид зам бартаатай учраас автомашинаар хүрэх боломжгүй ойролцоогоор хилийн цэсэд 20 орчим км хүртэл туулах чадвартай автомашинаар дөхөж, цаашаа явганаар буюу морьтой хүрч, түймэртэй тэмцэж байна.

Түймэртэй тэмцэх ажилд ОБЕГ-ын аврах тусгай анги, Багануурын ОБГ-ын 41 албан хаагч, Хэнтий аймгийн ОБГ-ын 59 албан хаагч, Батширээт сумын мэргэжлийн анги, Онон багийн иргэд 35 морьтойгоор, Онон балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хан Хэнтий тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчид, ойролцоох Дадал, Биндэр сумын мэргэжлийн ангиуд Өвөр тарвагатай уулын баруун хэсэгт ажиллаж байна.

Хэнтий аймгийн Засаг даргаар ахлуулсан баг түймэртэй тэмцэж буй Онцгой байдлын албан хаагчид, ард иргэдэд хүрч  тэдэнд 10 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмж, хоол хүнс, хувцас хэрэглэлийг хуваарилан өгч, хоёр өдрийн турш түймрийн голомтод ажиллаад иржээ.

Холбоотой мэдээ