Туркийн ЭСЯ Олон улсын хүүхдийн баярыг тэмдэглэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн хавар 4 дүгээр сарын 23-нд Туркийн "Үндэсний бүрэн эрх, хүүхдийн баяр"-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Анх 1920 оны энэ өдөр Туркийн Үндэсний их хурлаар тус улсыг үүсгэн байгуулагч Мустафа Кемал Ататурк хүүхдийн баяр хэмээн зарлан тунхаглажээ. Туркийн Үндэсний Радио телевиз хожим нь тус баярыг олон улсын хэмжээнд тэмдэглэх болсон байна.
БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам энэ жил хүүхдийн баярыг Мустафа Кемал Ататуркийн нэрэмжит Нийслэлийн 5, 10, 61-р дунд сургууль, Монголын Хүүхдийн ордон, The English School of Mongolia (ESM) сургуулийн авьяаслаг сурагчидтай хамтран энэ сарын 23-27-нд өргөн хүрээнд тэмдэглэв.
Гурван хэсгээс бүрдэх энэхүү тэмдэглэлт үйл ажиллагаа ЭСЯ-ны өмнө байрлах Мустафа Кемал Ататуркийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлснээр эхлэв. Уламжлал ёсоор Элчин сайд М.Ахмет Язал сурагчдыг хүлээн авч уулзан, өөрийн албан үүргээ хэсэг хугацаанд СХД-ийн 61 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч М.Орхонтамирт шилжүүлэв.
Олон улсын хүүхдийн баяр Монголын Хүүхдийн ордонд “Хамтдаа бид дэлхийг илүү сайхнаар өөрчилж чадна” сэдэвт гар зургийн үзэсгэлэнгийн нээлт болон дээрх сургуулийн сурагчдын бэлтгэсэн урлагийн тоглолтоор энэ сарын 26-нд үргэлжилсэн юм.
Харин хүүхдийн баярын хаалтын хүлээн авалтыг Элчин сайдын өргөөнд энэ сарын 27-нд зохион байгуулав. Энэ үеэр “Хамтдаа бид дэлхийг илүү сайхнаар өөрчилж чадна” сэдэвт зохион бичлэг, гар зургийн уралдаанд байр эзэлсэн сурагчдад шагнал гардуулсан юм.