ОУИМ Д.Эрдэнэбилэг 14 дэх, ДДХМ Г.Хэрлэнмөрөн анхны түрүүгээ авлаа

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-05-01 10:44:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын даамын холбоо /MDF/-ны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 21-30-нд болж шилдгийн шилдгүүдээ тодрууллаа.


Энэ удаагийн шигшээ тэмцээнд урьдчилсан шатнаас шалгарсан болон өнгөрсөн жилийн медальт эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 тамирчин тойргийн журмаар өрсөлдсөн юм. Нийт оролцогчдын 80 орчим хувь нь олон улсын цолтой тамирчид байв.


Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд гол өрсөлдөөн ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол-Харүмафүжи), ДДХМ Б.Мөнхжин (BBH) нарын хооронд өрнөсөн байна. Хэрэв тэд адилхан оноотой тэмцээнээ өндөрлүүлсэн бол коэффициент буюу чанарын үзүүлэлтээр Б.Мөнхжин түрүүлэх байлаа. Тэрбээр сүүлийн өрөгтөө хамгийн залуу оролцогч 12 настай П.Эрхэмбилэгийг хожиж чадалгүй оноо хуваасан юм. Үүнийг нь Их мастер чадамгай ашиглан сүүлийн өрөгтөө ялж 14 дэх удаагаа Монгол Улсын аварга боллоо. Хүрэл медалийг ОУИМ Р.Манлай (“Алтан хүү” клуб) хүртсэн.

 

Эмэгтэйчүүдийг ДДХМ Г.Хэрлэнмөрөн (“Идэр” их сургууль) гараанаас эхлэн өнгөлсөөр тэр эрчээрээ барианд орлоо. Түүний хувьд улсын аваргын анхны түрүү бөгөөд өмнө нь мөнгө, хүрэл медаль тус бүр хоёр удаа хүртэж байв. УАШТ-д анх удаагаа оролцохдоо мөнгөн медаль хүртсэн ДДХМ Э.Хүслэн (“Алтан хүү” клуб)-гийн хувьд есдүгээр тойрогт бүдрээгүй бол түрүүлэх ч боломж байлаа. Харин ноднингийн аварга ДДХМ Б.Мөнхжин (“Хасу-Мегастарс” клуб) төгсгөлийн гурван тавилдаа 5 оноо авсны хүчээр хүрэл медалийн эзэн боллоо.

 

Тэмцээнийг Монголын даамын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн А.Ундраа ивээн тэтгэсэн бөгөөд бүх оролцогчдод мөнгөн шагнал, тэр дундаа түрүүлсэн тамирчныг 1 сая төгрөгөөр байлсан юм.

Холбоотой мэдээ