Хангийн боомтоос Сайншанд руу авто зам барих ажлыг судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-25 12:17:22

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хангийн боомт байнгын ажиллагаатай болоод удаагүй байна. Ханги боомтоос Сайншанд хүртэл хатуу хучилттай авто зам барих, цаашлаад төмөр зам барих асуудлаар талууд хэлэлцэж буй бөгөөд боомтод татвар, цагдаа, эмч зэрэг хууль хяналтын байгууллагын хүмүүсийг байнга ажиллуулах шаардлага  гарчээ.

Тус боомт ирээдүйд Замын-Үүд шиг томоохон суурин болж хөгжих бөгөөд 2015 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугатхошууны хөрөнгө оруулалтаар  хил хооронд 16 метр өргөнтэй, хоёр урсгалтай хоёр км авто зам, боомтоос гурвын хаалт хэмээх иргэдийн суурьшлын бүс рүү таван км газарт эрчим хүч,  хатуу хучилттай авто замын далан, хилийн бүсэд орох гарах хаалга дээр шалган нэвтрүүлэх байрын хамт  барьсан аж.

Боомтын үйл ажиллагаа байнгын горимд шилжсэн ч  боомтын хүчин чадлыг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай  үйлчилгээний албыг ажиллуулах, сэжигтэй өвчтнийг үзэх байр, халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж, лаборатори,  саатуулсан барааг хадгалах байр зэргийг барих шаардлагатай гэнэ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ