Авто мото спортын 5 төрөлт уралдаан “Цагаан хөтөл”-д болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-13 15:13:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Аргалант сумын нутаг “Цагаан хөтөл” хэмээх газарт авто мото уралдааныг тавдугаар сарын 18-19-нд буюу ирэх амралтын өдрүүдэд Монголын авто мастеруудын холбоо зохион байгуулна.


Авто мото спорт сонирхогчдын анхаарлыг татдаг уралдаануудын нэгд зүй ёсоор ордог “Baja Mongolia” уралдаан нийт 50 километр замыг 3 удаа тойрч уралдана. Энэхүү уралдаан UAZ, UTV, MOTO, SUV, ATV гэсэн таван төрөлтөөр зохион явуулдаг болохоор авто болон мото спорт сонирхогч, үзэгч, хөгжөөн дэмжигчдийг нэгэн дор цуглуулж чаддаг уламжлалт уралдаан гэдгээрээ онцлогтой.


Мөн ралли, кроссыг бодвол тамирчид нь өгөгдсөн цэгийн дагуу явж замаа урьдчилан үзээд уралддаг. Аймаг сум дамжин хол зам туулж уралддаг раллиг үзэгч, фэнүүд нь даган явж үзэхэд нэлээд хүндрэл гардаг бол “BAJA-150” тэмцээнийг гэр бүлээрээ агаар салхинд гарч амрах зуураа сонирхох боломжтой.


Мөн авто болон мото спортын тамирчдаа дэргэдээс нь хөгжөөн дэмжих боломж нь нээлттэй төдийгүй уралдааны үеэр сэлбэг, техникийн холбогдолтой худалдаа, автомашиндаа үзлэг оношлогоо хийлгэх зэрэг цаг зав хэмнэсэн олон үйлчилгээг нэг дороос авах давуу талтай гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байна.

Холбоотой мэдээ