Зүүн болон хойд чиглэлд зорчихгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-15 12:38:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр цас хайлмагтан орж хүйтрэх бөгөөд авто замд халтиргаа гулгаа тогтсоны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд саатах, эвдрэх зэрэг эрсдэлээс болгоомжлохыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.


Мөн хүчтэй салхитай, халтиргаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул зүүн урд чиглэлд буюу Дорноговь, Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээний чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байна. Түүнчлэн Улаанбаатар хотоос Өвөрхангай, Архангай, Завхан хүрэх автозамын дагуу Шартын даваа, Цагаан даваа, Солонготын давааны замын зорчих хэсэг цастай халтиргаа, гулгаатай байгаа аж.

Иймд тээвэрчид, ард иргэдийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, аюулгүй байдлаа сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ