Олон улсын стандартын шаардлага хангасан хөлбөмбөгийн талбай барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-05-16 11:29:35

Завхан /МОНЦАМЭ/. Завханы төв Улиастай хотын ерөнхий боловсролын III сургуулийн дэргэд Азийн хөлбөмбөгийн холбооны 100 мянган долларын хөрөнгө оруулалтаар олон улсын стандартын шаардлага хангасан хөлбөмбөгийн талбай барихаар болжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн дэргэд мэргэжлийн хөлбөмбөгийн талбайтай болох саналыг аймгийн удирдлагууд 2017 онд Азийн хөлбөмбөгийн холбоонд тавьсан юм. Саналын дагуу 2019 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр тус холбооны зөвлөх Пүүн Ёк Хэн, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ч.Мөнхзул нар Завхан аймагт ажиллаж, энэ зун хөлбөмбөгийн талбай барьж хүлээлгэж өгөхөөр болсон тухай танилцуулжээ.

Улиастай сумын III сургуулийн хашаанд барих тус хөлбөмбөгийн талбай нь таван метр өндөр хашаа, гэрэлтүүлэг, зүлэгтэй байх бөгөөд олон улсын стандартын шаардлага хангасан байх юм байна. Ингэснээр 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхэд Завхан аймгийн хүүхдүүд хөлбөмбөгийн шинэ талбайтай болох юм. Завхан аймаг хүүхэд, залуучууд, ард иргэдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Өнгөрсөн жил 1000 хүний суудалтай усан бассейн бүхий спорт цогцолбор ашиглалтад орсноор өдгөө хүүхэд, залуучууд усан спортоор хичээллэж байна.

Сонирхуулахад Япон Улсын Ерөнхий боловсролын сургуулиудад сүүлийн 15 жилийн турш хөлбөмбөгийн хичээл орж байгаа бөгөөд тус спорт нь хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Цаашид олон улсын байгууллагатай хамтран Япон Улсаас орон нутагтаа мэргэжлийн багш урьж ажиллуулах боломжийг бид судалж байгаа хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ