Нарендра Моди улиран сонгогдож магадгүй

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-05-20 12:19:15

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн бүх нийтийн сонгуульд тус улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн “Бхаратия Жаната” нам ялалт байгуулж магадгүй байгааг сонгогчдын дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Долоон үе шаттайгаар явуулсан сонгуульд “Бхаратия Жаната” нам болон сөрөг хүчний гол нам болох Конгресс намын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөх төлөвтэй байгаа юм. Сонгогчдыг саналаа өгсний дараа явуулсан санал асуулгын дүн зарим тохиолдолд буруу байдгийг ажиглагчид анхааруулж байна.


Бүх нийтийн сонгуулийн дүнг энэ долоо хоногийн пүрэв гарагт олон нийтэд танилцуулна. Аливаа нам, эвслийн хувьд Засгийн газрыг байгуулахын тулд 272 суудлыг авсан байх шаардлагатай юм.


Сонгогчдыг саналаа өгсний дараа явуулсан дөрвөн санал асуулгын дүнгээс харахад, “Бхаратия Жаната” нам 280-315 суудал авсан байх магадлалтай байгаа нь Конгресс намынхаас илт давуу үзүүлэлт болжээ. Харин “Nielsen-ABP” сувгийн мэдээлснээр, “Бхаратия Жаната” нам 267 суудал авсан байж магадгүй байна. 


Ташрамд дурдахад, “Бхаратия Жаната” нам өнгөрсөн ням гарагт твиттер хуудсандаа Н.Моди зүлэг тайрах төхөөрөмжөөр өрсөлдөгчдөө хяргаж буйг дүрсэлсэн зургийг нийтэлсэн байна.


 

Холбоотой мэдээ