Халх голын ялалтын ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Ярославль хотноо болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-21 10:42:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойд зориулсан “Орос ба Монгол: түүхийн эрин үеүд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал ОХУ-ын Ярославль хотноо энэ сарын 16-18-нд болов.


П.Г.Демидовын нэрэмжит Ярославлийн Улсын их сургууль, Оросын Үнэн алдартны шашны Ярославлийн Хамба ламын захиргаа, Оросын түүхч, архивчдын нийгэмлэгийн тус хот дахь салбар хамтран зохион байгуулсан тус бага хуралд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан, Ж.Баярхүү нар оролцов.

Хурлыг П.Г.Демидовын нэрэмжит Ярославлийн Улсын их сургуулийн нэгдүгээр орлогч захирал С.А.Кащенко нээж, Ярославль мужийн Думын дарга А.Д.Константинов, Ярославль, Ростовын Хамба лам Пантелеимон, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү, Ярославль мужийн Амбан захирагчийн орлогч А.Е.Шабалин нар хуралд мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.

ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү Монгол, Оросын ард түмний олон зуун жилийн харилцааны түүхэнд онцгой чухал байр суурь эзэлдэг Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан энэхүү бага хурлыг зохион байгуулж буйд талархал илэрхийлээд “Халх голын ялалт нь тухайн үеийн олон улсын улс төрийн хүчний харьцааг өөрчилж, Япон улс фашист Германтай нэгдэж ЗХУ-тай дайтахгүй байх шийдвэр гаргахад нөлөөлөн, улмаар 1941 оны хүнд цаг үед Алс дорнодоос цэргийн их хэмжээний хүчийг Москва руу нүүлгэн шилжүүлэх нөхцөл, боломжийг бий болгосон билээ. Чухамхүү цэргийн энэхүү хүчин ЗХУ-ын нийслэлийг хамгаалахад, улмаар Улаан арми сөрөг довтолгоо хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн” хэмээн онцлон тэмдэглэв.

Хуралд П.Г.Демидовын нэрэмжит Ярославлийн Улсын их сургууль, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургууль, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, төрийн албаны академи, Санкт-Петербургийн Улсын их сургууль, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн Олон улсын харилцааны дээд (их) сургууль, Оросын Улс түмний найрамдлын их сургууль зэрэг их, дээд сургуулийн болон Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлал, Оросын түүхийн зэрэг хүрээлэнгийн 200 шахам эрдэмтэн, профессор, судлаач оролцож, нэгдсэн болон дөрвөн салбар хуралдаанд нийтдээ 65 илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна.

Монгол Улсын төлөөлөгчид эрдэм шинжилгээний бага хурлын нэгдсэн болон салбар хуралдаан, түүнчлэн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцсоны сацуу П.Г.Демидовын нэрэмжит Ярославлийн Улсын их сургуулийн нэгдүгээр орлогч захирал С.А.Кащенко, сургалт хариуцсан орлогч захирал И.А.Кузнецова, инноваци, хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал А.Н.Кисилёв, ректорын зөвлөх С.А.Запруднов нартай уулзаж, харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны дипломат ажилтнууд ийнхүү  энэхүү онол, практикийн бага хуралд оролцоход Монголын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн мэдээлэл, арга зүйн дэмжлэг, тусалж ажилласан байна.

Холбоотой мэдээ