"Бардам туулай" 31 дэх жилдээ тайзанд гарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын эх хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан, УДЭТ-ын уран бүтээлчид "Бардам туулай" хүүхдийн жүжгийг тоглох бэлтгэлээ эхэлжээ. Ингэснээр уг жүжиг 6 дугаар сарын нэгэнд 31 дэх жилдээ хөшгөө нээх юм.
Хөшиг нээгдэн тайзнаа намуухан ая эгшиглэн ойн мод, ан амьтад нойрноосоо сэрнэ. Ойн цоорхойгоос чоно, үнэг, баавгай гарч ирэн гитар, бөмбөр тоглон ойг сэрээн хөгжилтэй дуулцгаана. Хөгжилдөн цэнгэсэн зальт шар үнэг, чоно хоёр нийлэн баавгайг “Бал үнэртээд байна уу даа” хэмээн ойн гүн рүү хуурч явуулаад удахгүй болох үнэгний төрсөн өдрөөр хамтдаа оройн зоог барихаар тохиролцоно. Үнэг чоноос салан хоол хайж яваад анчны суманд өртөх шахна. Гэхдээ тэр овсгоотойгоор бултаж анчин хоосон хоцорно. Ангаа алдсан анчин түр алжаахаар модны дор хэвтэн нам унтчихна. Энэ үед ойн цоорхойд хоёр туулай гарч ирэн үнэг чихнээс нь хэрхэн барих шахсан тухай ярилцаж байгаад анчныг гэнэт олж харна. Өнөөх үнэгт бариулах шахсан аймхай туулай анчнаас үхтлээ айсан ч, гэнэт бууг нь олж харан түүнийг авахаар зүтгэнэ. Түүнийг эгч туулай нь хорьсон ч дийлдэггүй...Аймхай туулай яаж бардам туулай болохыг энэ жүжгээс үзэж болно. Хэзээ ч хуучирдаггүй, үргэлжид шинээрээ багачуудтай уулздаг "Бардам туулай" жүжиг нь Монголын театрын түүхэнд хамгийн олон жил тоглосон жүжиг болж байна.