24 сумын музей техникийн ажилчдын хийсэн 49 судалгааг бүртгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Орон нутгийг
судлах музей жилдээ 3500 гаруй хүнд үнэгүй үйлчилдэг ба хагас жилийн байдлаар
2700 орчим хүнд үнэгүй үйлчилгээ үзүүлжээ.
Тус музей нь алдартнуудын танхим болон, байгаль, түүхийн танхимаараа дамжуулан Улиастайд зохион байгуулж буй тэмдэглэлт баяр ёслол, ойн арга хэмжээ, анги хамт олны уулзалтуудаар уртасгасан цагаар ажиллаж танин мэдэхүйн дэлгэрэнгүй танилцуулгыг өгдөг байна. Мөн хүүхэд, залуучууд болон иргэдэд музейн ховор эд үзмэрийг хэрхэн хадгалж хамгаалах талаарх зөвлөмжийг ч өгдөг ажээ.
Өдгөө тус музей нь байгалийн,
түүхийн, угсаатны гэх мэтчлэн 11 танхимтай. Тухайлбал байгаль газар зүйн
танхимд МЭӨ 3-4 мянган жилийн өмнөх үеийг төлөөлөх хүрэл зэвсгийн
олдворууд, Завхан нутгийн уул нуруу, хээр талаас дээжлэн авсан ашигт
малтмал, эрдэс баялаг, үнэт чулуунууд, Монголын улаан номонд орсон борцгор
хотон, цоохор ирвэс, аргаль угалз, янгир хулан, буга согоо зэрэг 40 орчим
амьтдын чихмэл байдаг. Мөн Завхан нутгийн сайн үүлдрийн махны ноосны
чиглэлийн нарийн ноост сартуул омгийн хонь, буурал омгийн ямаа зэргийн тусгай
үзмэрийг өнгөрсөн хоёрдугаар сард шинэчлэн дэглэжээ. Түүнчлэн энд ан амьтад,
жигүүртэн шувуудын чихмэл, бэлчээрийн ба эмийн ургамлын цуглуулгууд, дэлхийд
устаж үгүй болсон палентологийн олдвор болох арслан зааны дунд чөмөгний яс зэрэг
бий. Энэ жил аймгийн төв музей 24 сумын музей техникийн
ажилчдын хийсэн 49 судалгаа шинжилгээг бүртгэж хүлээн авчээ. Мөн
угсаатны, байгалийн түүхийн музейн үзмэрээс 3200 гаруй үзмэрт эрдэм
шинжилгээний тодорхойлолт бичиж, зурагжуулан, RCH программ дээр бүртгэн
баримтжуулаад байгаа юм байна.
Зэр зэвсгийн үзэсгэлэн иргэдийн сонирхолыг татжээ
Завханы
Орон нутгийг судлах музей 2019 он гарсаар нийт таван удаагийн томоохон
үзэсгэлэнг гаргаж иргэдэд үзүүлжээ.
Тухайлбал хоёр дахь жилдээ Монголын уламжлалт зэр
зэвсэг нэртэй үзэсгэлэнг дэглэж иргэдэд үнэ төлбөргүй үзүүлсэн бөгөөд 220
орчим иргэд
үзжээ. Монголын уламжлалт зэр зэвсэг үзэсгэлэн долоо хоног үргэлжилсэн бөгөөд
энэ хагас жилийн байдлаар хамгийн олон үйлчлүүлэгчтэй үзэсгэлэн болжээ.
Их
Монгол Улсын төрийн бодлого, үйл ажиллагаа, сүр хүчний нэг илрэл нь төрийн
цэрэг, зэр зэвсгийн сүр хүчтэй нягт холбоотой байжээ. Хүн
төрөлхтний нэгэн адил Монголын эртний зэр зэвсгийн нэг нь чулуу байсан нь цаг
хугацааны уртад нум сум, илд бамбай, хуяг дуулга, буу сэлэм болон хөгжиж ирсэн
түүхтэй. Тиймээс манай музей сан хөмрөгтөө хадгалагддаг чулуу болон мод
тугалга, төмрөөр хийсэн 80 гаруй төрлийн үзмэрийг дэлгэн үзүүлсэн. Манай
байгууллага нь “Түүх соёлын үнэт бүтээл таны оюуны хэрэгцээг хангана”, Өв соёл
соёлын биет ба биет бус өвөө хадгалан хамгаалж түгээн дэлгэрүүлье" уриатайгаар
өнөөдрийн байдлаар иргэдэд мэдээлэл өгч нээлттэй ажиллаж байна хэмээн аймгийн
Орон нутгийг судлах музейн тайлбарлагч мэдээлэв.