Тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлэх Германы төслийн дараагийн шат эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-05-23 09:14:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2-3-р шатыг хэрэгжүүлэх гэж байна.

Энэ талын харилцан ойлголцлын санамж бичигт өчигдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Германы Сэргээн босголтын зээлийн банк (KfW)-ны төслийн менежер Нина Отто нар гарын үсэг зурав.

Төслийг Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банкаар дамжуулан БОАЖЯ-наас хэрэгжүүлж байгаа юм. Мөн санамж бичигт төслийн 2, 3-р шатанд хамрагдах Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор аймгийн Засаг дарга нар гарын үсэг зурлаа.  

Нийт 27.5 сая еврогийн өртөгтэй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг Тусгай хамгаалалттай газар нутгийн баруун бүсийн Увс, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай аймаг болон бусад бие даасан нутагт 2019-2026 онд хэрэгжүүлнэ. Төслийг бүсчилсэн хосолсон (кластер) хэлбэрээр хэрэгжүүлэх юм. Орон нутгийн бүсүүдэд сум орон нутгийн удирдлага болон байгаль хамгаалах байгууллагын хамтын ажиллагааг сайжруулан, Тусгай хамгаалалттай газар нутгийн болон эко-хонгил нутгуудыг хамгаалж, ашиглах, орон нутгийн тогтвортой хөгжлийг нэгдмэл байдлаар хөгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг дээшлүүлэх юм. Энэхүү зорилгод хүрэхийн тулд орон нутгийн засаг захиргаа, аймаг, сум, малчдын нөхөрлөл болон ТББ-ууд, хувийн хэвшилтэй хамтран хамтын зохицуулалттай менежментийг хэрэгжүүлэх юм.


Төслийн санамж бичигт гарын үсэг зураг ёслолын үеэр ХБНГУ-ын ЭСЯ-ны элчин зөвлөх Др.Михаил Йоханнес Фернау БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад төслийн 1-р шатны хүрээнд нийт 250.000 еврогийн нисдэг аппарат болох дрон, таблет GPS, байгаль хамгаалагч нарт галд тэсвэртэй иж бүрэн хувцас гардуулсныг сайд Н.Цэрэнбат зарим Хамгаалалтын захиргааны төлөөлөлд хүлээлгэн өглөө.

Энэ үеэр сайд Н.Цэрэнбат хэлэхдээ, “Герман, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа энэ жил байгаль орчны салбарт дэмжин тусалж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн I үе шат амжилттай хэрэгжиж, цаашлаад II, III шатыг хэрэгжүүлэхээр болсонд талархаж байгаа”-гаа илэрхийлсэн юм.

ХБНГУ-ын ЭСЯ-ны элчин зөвлөх Др.Михаил Йоханнес Фернау хэлэхдээ, “Монгол Улс өөрийн өвөрмөц ландшафтыг хамгаалахын тулд байгаль орчныг хамгаалах ажиллагаагаа шинэчилж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Герман улс биологийн олон янз байдлыг хамгаалахад хүчин зүтгэж буй найдвартай түнш хэвээрээ байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Холбоотой мэдээ