Габриела Куэвас Баррон: Хүн төрөлхтөн анх удаа нэг зорилгын дор нэгдэв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-05-27 13:39:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх асуудлаарх Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы нээлтийн үеэр ОУПХ-ны Ерөнхийлөгч Габриела Куэвас Барроны хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Тэрбээр, "Миний хувьд та бүхэндээ хандаж үг хэлэх болсондоо таатай байна. Бид ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн II чуулганыг зохион байгуулж байна.  ОУПХ-ны гишүүн улс орнууд хуран чуулж, Монгол Улсад болж байгаа энэхүү арга хэмжээг зохион байгуулахад дэмжиж тусалсан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Ялангуяа Монголоос оролцож байгаа Улсын Их Хурлын гишүүдэд ихээхэн идэвх зүтгэл гаргасанд тань талархал илэрхийлье. 


Энэ бүс нутгийнхан Тогтвортой хөгжлийн зорилгын асуудлаар хамтран ажилласан арвин туршлагатай. ОУПХ-ны зүгээс энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ирээдүйд их зүйл хийнэ гэдэгт Та бүхэндээ итгэлтэй байна. Энэ дашрамд ОУПХ-ны талаар цухас дурдъя гэж бодож байна. ОУПХ нь дэлхийн улс орнуудын парламентчдыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын байгууллага юм. Тус холбоо 1890-ээд оноос үйл ажиллагаагаа эхэлсэн гэж үздэг. Ийм байгууллага бий болоход Англи, Францын парламентын гишүүд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд  манай байгууллагын түүхэнд хоёр хүнийг онцгойлон тэмдэглэдэг. Энэ хүмүүс аливаа зэвсэгт мөргөлдөөнийг энхийн замаар, парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэж болно гэсэн үзэл санааны дор ОУПХ-ны эхлэлийг тавьсан юм. Бид өдгөө 130 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Энэ хугацаанд хүний эрх, тэгш байдлын чиглэлээр нэлээд их зүйл хийж хэрэгжүүлсэн. Ялангуяа парламентад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд, хүүхдүүд, үндэсний цөөнхтэй холбоотой олон нийтийн анхаарлыг татсан, санаа зовоосон асуудлыг шийддэг байх талбар байхын төлөө бид ажиллаж ирсэн. Мөн бид парламентат ёс төлөвшиж хөгжихөд өөрийн гэсэн үүргийг гүйцэтгэсэн гэж үздэг.


Монгол Улсын Их Хурлын даргын нээлтийн үгэнд Тогтвортой хөгжлийн зорилгуудын ач холбогдлыг дурдсан. Би үүнтэй санал нэг байгаа бөгөөд бидний өмнө дэлхий ертөнцийг өөрчилж, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд 11 жил үлдээд байна. Гол зорилго маань хэнийг ч орхихгүй байх явдал юм. Хүн төрөлхтний түүхэнд анх удаа нэг чухал зорилгын дор нэгдэн ажиллаж буй нь энэхүү зорилт юм.  Тэгш бус байдал дэлхийн олон улс орны санааг зовоосон асуудал бөгөөд энэ талаар бид юу хийж, ямар үр дүнд хүрч байгаагаа эргэн харах ёстой зүйлүүд байгаа. Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх төрийн бодлого нь бүх хүмүүсийг хамарч, хэнийг ч ардаа орхихгүй байхад чиглэгдэх ёстой. Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчныг сайжруулах асуудлыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө улс орныхоо нөхцөл байдлыг оновчтой үнэлэн  дүгнэж, хөгжлөөс хоцорч байгаа бүлэг давхаргад чиглэсэн тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэхэд парламентууд анхаарч ирсэн. 


ОУПХ-ны бүсийн чуулганууд нь тухайн бүс нутаг, улс орнуудад ямар сайн туршлага байгааг түгээн дэлгэрүүлэх зорилготой байдаг. Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хууль, тогтоомжууд баталж, үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлсэн гээд өөрийн гэсэн туршлагыг бий болгон ажиллаж байна. Цаашдаа улс орнууд хамтран ажиллах талд илүү анхаарал тавина гэдэгт итгэж байна. Энэ чуулганы явцад та бид өөрсдийн шинэлэг сайн туршлагаа хуваалцаж, бие биеэсээ суралцах нь чухал юм. Парламент, парламентын гишүүд, олон улсын байгууллагууд хэлэлцэн ярилцсанаар Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд Ази, Номхон далайн бүс нутгийн парламентын үүрэг нэмэгдэх байх гэж бодож байна. Бид хоёр жилийн өмнө Вьетнам улсад зохион байгуулсан чуулганаар үнэлгээ хийх гарын авлага гаргаж байсан. ОУПХ-ноос гаргасан энэ арга зүйг 12 хэлээр орчуулж, улс орнууд өөрсдийн үнэлгээ хийхэд ашиглаж байгаа. Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд бид юу хийх боломжтой, юуг хийж байгааг өөрсдөө үнэлэх арга зүй юм. Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх хүрээнд олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулж байгаа нь зорих замынхаа нэгэн зураглалыг гарган ажиллаж байна гэсэн үг.


Би Мексик хүн. Манай улс тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх хүрээнд төсвийн асуудал дээр жендэрийн тэгш байдлыг тусгахад анхаарч ажиллаж байна. Хэрэв тухайн үйл ажиллагаа төсөвт тусгагдаагүй бол түүнийг амжилттай хэрэгжих магадлал бага гэж үздэг. Тийм учраас парламент хууль тогтоож, төсөв баталдаг байгууллагын хувьд энэ асуудалд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Парламентын үүрэг, хариуцлага, боломж нь шавхагдашгүй бөгөөд тэр нь бодит үр дүн гаргахад түлхэц үзүүлэх явдлаар илэрнэ. 


БНСВУ-д болсон хурлын үеэр бидний анхаарсан гол асуудал нь уур амьсгалын өөрчлөлт байлаа. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахын тулд улс орон бүр анхаарч ажиллахаар ярилцсан. Энэ чиглэлийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүд, хүүхдүүд гээд анхаарал хандуулж ажиллах ёстой тусгай бүлгүүд бий. Тэдэнтэй холбоотойгоор Тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд тухайн улс оронд эрх зүйн ямар өөрчлөлт хийх вэ, уг асуудлыг хэрэгжүүлэхэд зориулсан төсвийг хэрхэн батлах вэ гэдэг асуудлыг ч хөндөж ярьсан. 2017 онд Канад Улсад болсон хурлаар уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн салбарын асуудлыг түлхүү ярьсан. 2019 оныг хүртэлх хугацаанд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарч байна.


Ази, Номхон далайн бүс нутаг эдийн засгийн хөгжлийн хувьд манлайлж байгаа бүс нутаг. Дэлхий нийтэд эдийн засгийн өсөлт бага байгаа ч тус бүс нутгийн хувьд өсөлт илүү ажиглагдаж байгаа онцлогтой. Тэгш бус байдлыг бууруулах, ядууралтай тэмцэх асуудлаар богино хугацаанд үлгэр жишээ болсон улс орнууд энэ бүс нутагт байна. Энэхүү туршлагыг бид цаашдаа яаж хамтарч ашиглах вэ, Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд хойно хоцорч байгаа бүлгүүдэд чиглэсэн арга ажиллагааг хэрхэн үр дүнтэй болгох вэ, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг хэрхэн багасгах вэ гэдэгт анхаарч ажиллах ёстой.   


Энэ бүс нутагт байгалийн гамшигт үзэгдэл нэлээд тохиодог, үүгээр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг амсаж байна. Онцлог гэмээр бэрхшээлүүд ч бий. Нялхсын эндэгдлийг бууруулах, сургуульд хамрагдалтын түвшнийг сайжруулах, сургууль завсардалтыг багасгах болон насанд хүрээгүй хүмүүсийн гэрлэлт санаа зовоосон асуудал мөн. Мөн  эмэгтэйчүүдийн эрхийг хангах асуудлаар бүс нутгийн хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангахад илүү сайн бодлого боловсруулж ажиллах хэрэгтэй байна. Амьдралын чанарыг сайжруулах, нэн ялангуяа бэрхшээлтэй байгаа бүлгийнхэн, эмэгтэйчүүд, хүүхдүүд, өсвөр үеийнхний асуудалд энэ бүс нутаг илүү анхаарах ёстой байна.   


Энэ боломжийг ашиглаад нэг чухал зүйл сонордуулъя. Ази, Номхон далайн бүс нутаг геополитикийн талаасаа их онцлог нөхцөлтэй. ОУПХ-ны Гүйцэтгэх хороонд эмэгтэй гишүүдийн оролцоо сайнгүй байдаг. Парламент дахь эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийсний үр дүн гарч байна. Гэвч харамсалтай нь энэ бүс нутгаас ОУПХ-г төлөөлж буй  гишүүдийн хувьд эрэгтэйчүүд давамгайлсан байгааг бид 50, 50 хувь болгох зорилго дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл бид жендэрийн квот тогтоохыг зорьж байна. ОУПХ-ны Гүйцэтгэх хороонд парламентын эмэгтэй, эрэгтэй гишүүдийн оролцоог тэнцүү байлгах квот тогтоож буй нь ОУПХ-ны үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлээд зогсохгүй гишүүн улс орнуудад ч үр өгөөжтэй алхам болох юм. Учир нь эмэгтэйчүүд хууль тогтоох үйл ажиллагаанд оролцсоноор илүү эерэг өөрчлөлт гарахад нөлөөлнө. Тэд бодит байдлыг богино хугацаанд эергээр өөрчлөхөд нөлөөлж чадна. Бид дэлхий нийтийн хэмжээнд оновчтой өөрчлөлт гаргахын тулд өөрсдөөсөө эхлэх буюу улс төрийг жендэрийн мэдрэмжтэй болгох тал дээр анхаарах учиртай. 


Энэ бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр олон удаа хэлэлцэж байна. Ямар эрсдэл байгааг, хэчнээн хүн энэ эрсдэлт нөхцөлд байгааг судалж үзсэн. Нэлээд олон төрлийн гамшиг эрсдэл байдаг бөгөөд газар хөдлөлтийг онцолж үзэхэд богино хугацаанд үй олон хүн амь насаа алдаж, асар их хэмжээний эдийн засаг, санхүүгийн хохирол учирдаг. Энэ чиглэлээр Азийн Хөгжлийн Банкнаас хийсэн судалгаанаас дүгнээд, улс орнууд аливаа зорилгоо тодорхойлж, хөтөлбөр гаргахдаа, төсвөө батлахдаа гамшгийн бэлэн байдалд анхаарах ёстой гэдгийг уриалмаар байна. 


Ази, Номхон далайн бүс нутагт дэлхийн хүн амын талаас илүү хувь нь аж төрдөг. Тиймээс ОУПХ-ны зүгээс энэ бүс нутгийн гишүүн орнууд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах чиглэлээр илүү үр дүнтэй ажиллаасай хэмээн хүсч байна. Ингэж чадвал дэлхий нийтийн хэмжээнд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд ахиц дэвшил гарах болно. 


Хоёр өдрийн чуулганы хугацаанд бид олон сэдвээр ярилцана. Тогтвортой хөгжлийн зорилгуудыг задалж хэлэлцэнэ. Энэхүү чуулган бидний туршлага солилцох чухал талбар болж байгааг онцолъё. Түүнчлэн парламентуудын зүгээс ямар нийтлэг арга зүй, оновчтой стратегийг баримталбал Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангахад илүү тус дөхөмтэй байх, энэ хүрээнд бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг хэрхэн өрнүүлэх талаар ярилцах зорилготой байгаа юм. Тиймээс чуулганаас гарах дүгнэлт, зөвлөмж бүс нутагтаа төдийгүй олон улсын хэмжээнд чухал ач холбогдол, үр нөлөөтэй байх болно. 


Чуулганд амжилт хүсье. Чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн Та бүхэнд баярлалаа. Энэ дашрамд, чуулганыг зохион байгуулж байгаа төдийгүй ОУПХ-ны бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог Монгол Улсын Их Хуралд тусгайлан баяр хүргэе" гэлээ.

Холбоотой мэдээ