Александра Благожевич: Зарим орны парламентын гишүүд Тогтвортой хөгжлийн зорилгын талаар мэдлэггүй байна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-05-27 13:57:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд туслах, хянах чиглэлээр парламентуудын хийсэн ажил, хүрсэн үр дүн: ОУПХ-ноос зөвлөмжилсөн Тогтвортой хөгжлийн асуудлаар өөрийгөө үнэлэх аргыг хэрэглэсэн байдал” салбар хуралдаанаар үргэлжиллээ.


Нэгдүгээр хуралдааныг УИХ-ын гишүүн, ОУПХ-ны Энх тайван, аюулгүй байдлын байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Оюундарь даргалж, тус холбооны Олон улсын хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч Александра Благожевич, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Фижи дэх Номхон далайн газрын Үр дүнтэй засаглалын багийн ахлагч бөгөөд Парламентын хөгжлийн мэргэжилтэн Дифан Жонес,  Вануату Улсын парламентын гишүүн Жимми Нипо нар илтгэл тавилаа.



Александра Благожевич илтгэлдээ, “Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд одоогоор аль ч улс орон бүрэн дүүрэн амжилт гаргаагүй. Улс орнууд нөхцөл байдлаасаа шалтгаалан харилцан адилгүй хэрэгжүүлж байна. Тодорхой ахиц дэвшил гаргахын тулд хэрэгжилтэд нарийвчилсан үнэлгээхийх шаардлагатай. Тиймээс ОУПХ хэрэгжилтэд хяналт тавих өөрийн үнэлгээний арга зүйг боловсруулсан. Улс орон бүр энэхүү арга зүйг ашиглаж, цаашид оновчтой хийх ажлаа тодорхойлох боломжтой”  хэмээв.


Мөн тэрбээр орон бүрийн парламентын гишүүдийн Тогтвортой хөгжлийн зорилгын талаарх мэдээллийн тухай судалгааны дүнг сонирхууллаа. Судалгаагаар улс орнуудын парламентын гишүүдийн зарим нь Тогтвортой хөгжлийн зорилгыг сайн мэдэж, хэрэгжүүлэхийг чухалчилж байхад тодорхой хэсэг нь мэдэхгүй, мэдээлэлгүй хэвээр байгаа нь харагдаж буйг дурьдлаа. Түүнчлэн, жирийн иргэдийн дунд ч Тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхтэй холбоотой ойлголт сул байгааг тэмдэглэв. Улс орнуудын парламент Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэйг хатагтай Александра Благожевич тэмдэглээд, парламентынхаа бүтэцэд Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх нэгж бий болгох чухал гэдгийг онцлов. Тэрбээр Монгол Улсын парламент Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог байгуулан ажиллаж байгаа талаар болон Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг үнэлэх сайн дурын тайлангаа НҮБ-д танилцуулах гэж буй талаар танилцуулав. 



Дараа нь Вануату Улсын парламентын гишүүн Жимми Нипо илтгэл тавьж, тус улсын хэрэгжүүлж буй бодлогыг танилцууллаа. Вануату нь Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд өөрийн орны онцлогт тохируулсан Ард түмний төлөвлөгөөг боловсруулсан байна. Уг төлөвлөгөөндөө Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 15-ыг нь нэгбүрчлэн тусгасан бөгөөд парламентдаа энэ асуудлыг хариуцсан байнгын хороо байгуулсан байна. Мөн өөрийн үнэлгээний арга зүйг  ашиглан Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд тохиолдож болох хүндрэл, сорилтыг тодорхойлон, хэрхэн даван туулахаар ажиллаж байгаа туршлагаа хуваалцав. 




Нэгдүгээр хуралдааны гурав дахь илтгэлийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Фижи дэх Номхон далайн газрын Үр дүнтэй засаглалын багийн ахлагч бөгөөд Парламентын хөгжлийн мэргэжилтэн Дифан Жонес тавьсан. Илтгэлдээ, Тогтвортой хөгжлийн зорилгыг хурдацтай хэрэгжүүлэн ахиц дэвшил гаргахад улс орнууд өөрийн үнэлгээний арга зүйг ашиглахын чухлыг Фижи улсын жишээн дээр хөндөв. Фижи улс нь Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах чиглэлээр парламентдаа дэд хороо байгуулжээ.


Тэрбээр мөн өөрийн үнэлгээний арга зүйг ашигласнаар цаашид юунд анхаарах вэ гэдгээ тодорхой болгох, ингэснээр алдаж байгаа зүйлээ залруулах боломжтойг тэмдэглэхийн зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд парламентад бүтэц бий болгох, парламентын Тамгын газрын ажилтнуудын чадавхийг сайжруулах, парламентын улстөрийн манлайллыг бий болгохын чухлыг хөндөж, эдгээрийг харилцан уялдаатай хөгжүүлэхийг захив.  


Илтгэлүүдийн дараа Монгол, БНСВУ, БНИУ,  Исламын бүгд найрамдах улс, Камбожийн хаант улсын төлөөлөгч нар үг хэллээ. Төлөөлөгч нар Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг дэмжиж, хяналт тавьж, гүйцэтгэх засаглалтайгаа хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар болон Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд бэлтгэлтэй байна уу гэдгийг үнэлж, дүгнэхийн тулд ОУПХ-ны өөрийгөө үнэлэх аргыг ашигласан тухай туршлагаасаа хуваалцсан.  


Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган "Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь" хуралдаанаар үргэлжилж байна.

Холбоотой мэдээ