Аймгийн дугуйн аваргууд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-05-27 21:13:42

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн дугуйн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр дахь жилдээ Дугуйн холбооноос амжилттай зохион байгууллаа.

Анхны тэмцээнд 9 насны ангилалд 60 гаруй тамирчин оролцож байсан бол энэ удаагийн тэмцээнд 13 насны ангилалд 130 орчим тамирчин өрсөлдсөн нь дугуйн спортоор хичээллэгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгааг харууллаа. Нийтдээ 10 сая төгрөгийн шагналын сантай энэ удаагийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Cannondale Mongolia ХХК ажилласан юм.

Энэ үеэр “Дугуйн спортыг дэмжигч байгууллага” шалгаруулсан бөгөөд тус шагналыг хамгийн олон ангилалд тамирчдаа оролцуулж, оролцсон бүх тамирчин нь байр эзэлсэн амжилтаар Б.Анхбаяр захиралтай Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн Увс аймгийн газар шалгарлаа.

Тэмцээнд Увс аймгийн Тэс сумын уугуул, Ази номхон далайн орнуудын ахмадын олимпийн 18 км-ийн зайд 70-аас дээш насны ангилалд оролцож аваргын алтан медаль хүртсэн, Монгол Улсын 34 удаагийн аварга, дугуйн спортын ОУХМ Тогтохын Пүрэвдорж хүрэлцэн ирж оролцон залуучуудтай уралдаж түрүүлсэн нь үнэхээр бахархам байлаа. Ахмад тамирчин Т.Пүрэвдоржид Увс аймгийн Хүндэт тэмдгийг аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу энэ үеэр гардуулан өгсөн юм.

Холбоотой мэдээ