"Face of Beauty international-2016” тэмцээнд 60 орон оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-29 15:21:08

“Мисс монголиа Консалтинг” ТББ нь ирэх 9 дүгээр сарын 23-наас аравдугаар сарын 9-ний хооронд Монгол Улсад анх удаа "Face of Beauty international-2016” олон улсын миссийн тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар өнөөдөр "Face of Beauty international” тэмцээний ерөнхийлөгч Мила Мануэл, төслийн удирдагч Ж.Анхбаяр, “Missosology” сайтын үүсгэн байгуулагч Пави Вэнтура, Унгар улсын мисс Далма Карман, Тонга улсын мисс Даймонд Ланги, “Мисс монголиа Консалтинг” ТББ-ын тэргүүн А.Баярцэцэг нар мэдээлэл хийлээ.

Дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг тус тэмцээнд 2013 оноос эхлэн Монгол бүсгүйчүүд оролцож эхэлсэн бөгөөд 2016 онд Шинэ Зеланд, Австрали, Тайвань гэсэн улстай өрсөлдөж, улмаар Монгол Улс зохион байгуулах албан ёсны эрхээ авч чаджээ.

Тайланд, Тайвань зэрэг Азийн оронд болж байсан тус тэмцээнд Дани, Танго, Мексик, Аргентин улсын гоо бүсгүйчүүд тэргүүн байрын шагнал хүртэж байсан түүхтэй. Тав дахь удаагийн энэхүү тэмцээнд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс 60 гаруй орны миссүүд 14 хоногийн хугацаатай нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэх юм.

Монгол Улсаа дэлхий нийтэд сурталчлах, дэлхийн хэмжээний томоохон үйл ажиллагааг зохион байгуулах чадвартай гэдгээ олон улсад батлан харуулах, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татах, үндэснийхээ соёл урлаг, зан заншил, уламжлалт онцлогоо сурталчлан Монголыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид хэлж байна.

Тэмцээний төгсгөлийн ёслолын ажиллагааг Монгол Улс орон даяар төдийгүй дэлхийн 10 гаруй улсын телевиз, Youtube цахим хуудсаар шууд дамжуулан үзүүлэхээс гадна гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжлагчаа илгээхээ мэдэгджээ. Мөн гоо бүсгүйчүүдийг дагалдан гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүс, загварын агентлагийн захирлууд, мэргэжилтнүүд зэрэг 200-300 хүн ирэх урьдчилсан тооцоо гарчээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ