“Монгол, Хятадын найрамдал бидний нүдээр” гар зургийн уралдааны шилдгүүд тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Мөнгү Шяоши Бао” сониноос хятад хэлний сургалттай ЕБС-иудын сурагчдын дунд зарласан “Монгол, Хятадын найрамдал бидний нүдээр” гар зургийн уралдааны шилдгүүд шагналаа гардлаа.
Монгол, Хятад улс дипломат харилцаа тогтоосны 70 жил, тус
сонины 90 жилийн ойг тохиолдуулан дөрөвдүгээр сард зохион байгуулсан энэхүү уралдааны шагнал
гардуулах ёслол өнөөдөр МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд болов.
Уралдааныг сурагчдын төсөөлөх ур чадвар, уран зургийн мэдрэмжийг хөхиүлэн дэмжих, Монгол-Хятадын найрамдалт харилцааг хүүхэд багачууд хэрхэн үзэж буйг нээн харуулах, энэ үйлсэд тэдний оролцоог нэмэгдүүлэх, Монгол орныг гадаад ертөнцөд таниулахад хувь нэмэр оруулах зорилгоор БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Хятадын соёлын төвийн дэмжлэгтэй зохион байгуулсан юм.
Шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ, “Хятад, Монгол орон уул усаараа холбогдсон найрсаг хөрш улсууд билээ. Өнөө жил Хятад, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 70 жил, Хятад, Монголын найрамдалт харилцааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 25 жил, Хятад, Монголын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 5 жилийн ой тохиож байна. Энэхүү давхар ойг тохиолдуулан зохион байгуулж буй олон ажлаар дамжуулан хоёр улсын найрсаг харилцаа улам өргөн хүрээнд, бүх салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжинө гэдэгт итгэж байна” гээд уралдаанд оролцсон сурагчдад баяр хүргэсэн юм.
Уралдаанд Үй Цай, Найрамдал, Дархан Цайхун, Хишиг, 23 дугаар сургууль зэрэг сургуулийн сурагчид 120 бүтээл ирүүлснээс 1-2, 3-5, 6-8 дугаар анги гэсэн ангиллаар тус бүр 3 шагналт байрыг шалгарууллаа.
Үүнд, 1-2 дугаар
ангийн сурагчдын ангилалд нэгдүгээр байрт Үй-Цай дунд сургуулийн 1-Б ангийн сурагч
Г.Ундраа, дэд байрт Үй-Цай дунд сургуулийн 2-Б ангийн сурагч Л.Анар, гуравдугаар
байрт Хишиг дунд сургуулийн 1-В ангийн сурагч Л.Урангоо нар шалгарлаа.
3-5 дугаар ангийн сурагчдын ангилалд нэгдүгээр байрт Найрамдал дунд
сургуулийн 3-А ангийн сурагч Ө.Гүнсар, дэд байрт Үй-Цай дунд сургуулийн 4-А
ангийн сурагч М.Гэрэлтэх, гуравдугаар байрт Үй-Цай дунд сургуулийн 5-Б ангийн
сурагч Э.Мөнхжин нар шалгарав.
6-8 дугаар ангийн ангилалд нэгдүгээр байрт Хишиг дунд
сургуулийн 7-А ангийн сурагч Д.Булган, дэд байрт 23-р дунд сургуулийн 6-Е
ангийн сурагч У.Марал, гуравдугаар байрт Үй-Цай дунд сургуулийн 6-В ангийн
сурагч Б.Эгшиглэн нар тус тус шалгарч, уралдааны ерөнхий ивээн тэтгэгч БНХАУ-ын ЭСЯ-ны өргөмжлөл,
мөнгөн урамшуулал, бэлэг дурсгалын зүйлс болон уралдааныг дэмжин ажилласан Хятадын соёлын төвийн нэрэмжит бэлэг дурсгалын
зүйлээр шагнууллаа.
Уралдаанд тэргүүн байр эзэлсэн сурагчдын сэтгэгдлийг хүргэе.
Хишиг дунд сургуулийн долдугаар ангийн сурагч Д.Булган: Манай сургуульд хятад багш нар олон байдаг. Зургаа зурахын тулд багш нараасаа зөвлөгөө авсан. Хятад, Монголын хил хязгаар нь хаагдмал биш, мөн хятад багш нар Монголд ирж хүүхдэд хятад хэл зааж байгаад нь талархаж байгаагаа илэрхийлэхийг хүссэн. Энэ бүтээлээрээ хоёр орны найрамдал цаашид улам олон жил бэхжин хөгжинө гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон.
Найрамдал дунд сургуулийн 3 дугаар ангийн сурагч Ө.Гүнсар: Зургийнхаа
дээд талд нар, хоёр талд нь Монгол, Хятадын далбаа, түүний доод талд найз нөхөд болсон хоёр орны хүүхдүүдийг дүрсэлсэн. Монгол хүүхэд нь уурга, хятад хүүхэд сэвүүр барьж байгаагаар дүрсэлсэн.
Монгол хүүхдийн талд морь, тэрэг, хятад хүүхдийн хажуу талд сүм, хулсны панда,
газар тариалан, луу, сэвүүр зурсан юм.
Үй-Цай дунд сургуулийн 1-Б ангийн сурагч Г.Ундраа: Монгол, Хятад орны найрамдал нөхөрлөлийг сэтгэлдээ төсөөлөн бодож зурсан. Мөн хөдөө орон нутгаа сайхан болгох, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг энэ зургаараа уриалсан.
Уралдааны ерөнхий шүүгчээр ажилласан СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн Сургуулийн Дүрслэх урлаг онол түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) П.Байгаль хэлэхдээ, “Уралдааны бүтээлийг шүүн шалгаруулахдаа сэдэв, сэтгэлгээ, ур чадвар, гүйцэтгэл зэргийг харгалзан үзсэн. Энэ уралдаанд зөвхөн хятад хэлний сургалттай сургуулийн сурагчид оролцсон болохоор сэтгэлгээ, гүйцэтгэлийн хувьд өвөрмөц, бүтээлч чанар харагдаж байлаа. Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд уран зураг нэн сайн нөлөө үзүүлдгийг эцэг эхчүүд анхаарч байгаа нь сайшаалтай юм” хэмээв.
Уралдаанд оролцсон сурагчдын бүтээлээр МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд үзэсгэлэн гаргаж олны хүртээл болголоо.