Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-06-05 12:09:50

ВАШИНГТОН. /Xinhua/. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн энэ оны урьдчилсан таамаглалыг 2.6 хувьд хүргэж бууруулсан талаар Дэлхийн банкнаас мягмар  гарагт гаргасан Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн тайланд мэдээлжээ.


Томоохон эдийн засагтай орнуудын худалдааны маргаан даамжирч, бодлогын тодорхойгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг өнгөрсөн нэгдүгээр сарын үзүүлэлтээс 0.3 хувиар бууруулжээ. Ингэснээр дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн сул үзүүлэлт энэ болох төлөвтэй байна.


“Дэлхийн эдийн засаг ойрын болон урт хугацаанд ихээхэн сорилттой тулгарах төлөвтэй байна” гэж Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Мөн тэрбээр, xудалдааны саад тотгорууд нэмэгдэж, Засгийн газрын өр өсөж байгаа хийгээд дэлхийн томоохон эдийн засгуудын өсөлтийн хурд саарч байгаа зэргийг онцолжээ.


Тайланд дурдсанаар, ирэх 2020 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.7 хувь хүрнэ хэмээн таамаглаж байгаа аж. Харин Дэлхийн банкны мэргэжилтэн Айхан Козегийн хэлснээр, худалдааны маргаан цаашид даамжирсаар байвал уг үзүүлэлт 1 хувиар буурч, 1.7 хувьд хүрч магадгүй ажээ. 

Холбоотой мэдээ