Худалдааг хөнгөвчлөх зураасан кодын “GS1” системийг нэвтрүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-06 10:43:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зураасан бар кодыг дэлхийн хэмжээнд ложистикийн салбарт нэвтрүүлснээр улс орон бүр гадаад, дотоод худалдаагаа хөнгөвчлөх боломжтой юм.

Энэ талаар өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Туркийн Истанбул хотноо болсон “GS1” системийн гишүүн орнуудын Ерөнхий ассамблей-2019” олон улсын хурал дээр хөндөж байв. Хурлаар "GS1"-ын гишүүн байгууллагын стратегийн чиг хандлагыг томьёолж, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, хэрэгцээнд нийцсэн ложистикийн хамгийн шилдэг шийдэл хэвээр байлгахын тулд илүү даяаршсан түвшинд хэрэгжүүлэхийг онцгойлон хэлэлцсэн юм.

“GS1 ерөнхий ассамблей-2019” олон улсын хуралд дэлхийн 90 гаруй орны ажилтан, албан хаагчид оролцсон. Манай улсын "GS1 Монгол” нийгэмлэгээс хоёр төлөөлөгч оролцлоо. Чуулганы үеэр зохион байгуулсан танилцах аяллын үед төлөөлөгчид Туркийн "Гастронометро" буюу 1700 ам.дөрвөлжин талбайг эзэлсэн сургалт, хөгжил, үйл ажиллагааны төвөөр орсон юм.


Энэ нь Туркийн хоолны соёл, хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой ба хоолны ертөнцөд шинэ хэмнэлийг бий болгох зорилготой Турк улсад байгуулсан анхны ложистикийн төв аж. Мөн "Abdi Ibrahim" буюу нийт 131 мянган ам.дөрвөлөжин талбайтай, Туркийн хамгийн том эм, эмийн бүтээгдэхүүний үйлдвэр бүхий ложистикийн төвтэй танилцлаа. Энэ төв дотроо 14.500 тавиур бүхий агуулахтай, GS1 системийг бүрэн нэвтрүүлснээр үйл ажиллагаагаа хөнгөвчилж, зураасан кодны ач холбогдол, үр ашгийг хүртэж, ашиг орлогоо нэмэгдүүлж буй бодит туршлагатай танилцлаа.

“GS1 ерөнхий ассамблей”-н энэ удаагийн чуулганыг "GS1 Турк" нийгэмлэгээс зохиосон бол дараагийн чуулган Португал улсад 2020 онд болох юм.



“GS1 ерөнхий ассамблей”-гээс гадна олон улсад мөн "GS1 Глобал форум-ыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд "GS1 Глобал форум 2019" Бельгийн Брюссель хотноо мөн энэ оны дөрөвдүгээр сард болж "GS1 Монгол" нийгэмлэг гишүүн төлөөлөгчид дотоодын зарим ААН, компанийн төлөөллийг хамруулан амжилттай оролцоод ирсэн юм. "GS1 Глобал" форум нь зураасан код системийн хүрээнд хэрэгжүүлж буй дэлхий нийтийн стратеги, шинэ санаачилгыг дэмжиж, дэлхий даяарх GS1-ын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн сургалт семинар, хурал зөвлөгөөнийг багтаасан GS1 байгууллагын хамгийн том үйл ажиллагаа болдог юм.

"GS1 Глобал форум 2019"-аар эрүүл мэнд, тээвэр логистик, өгөгдлийн үйлчилгээ, жижиглэн худалдаа, шинээр гарч ирж буй бусад салбар болон гаалийн үйл ажиллагаа, инновацын хүрээнд GS1 стандартыг хэрэгжүүлж буй улс орны туршлага, цаашид хөгжүүлэх шаардлагатай стандартын талаар хэлэлцсэн юм. Энэ үеэр 44 улс өөрсдийн үйл ажиллагааг сурталчилсан "Market Place Expo" үзэсгэлэн гаргасан бөгөөд "GS1 Монгол" нийгэмлэг мөн улсаа төлөөлөн өөрсдийн үйл ажиллагааг сурталчилжээ. 


Б.Болд

Холбоотой мэдээ