ХЗБХ-ны даргаар Х.Нямбаатарыг томилохыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо /ХЗБХ/-ны өнөөдрийн хуралдаанаар, тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг томилохыг дэмжлээ.
Байнгын хорооны даргад Х.Нямбаатарыг томилох УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан. Тэрбээр, Байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дууссан бөгөөд бусад байнгын хорооны даргын асуудлыг бүрэн шийдвэрлэснийг танилцуулгынхаа эхэнд дурдав. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг ХЗБХ-ны даргад нэр дэвшүүлж буйгаа танилцуулсан.
Нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг ХЗБХ-ны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Байнгын хорооны даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нь 2000 онд Орхон их сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2002 онд Орхон их сургуульд боловсрол судлалын магистр, 2008 онд Цагдаагийн академид хууль зүйн ухааны магистр, 2012 онд Удирдлагын академид төрийн удирдлагын докторант, 2017 онд Хууль сахиулахын их сургуульд хууль зүйн ухааны докторантаар суралцаж тус тус төгссөн байна. Тэрээр 2000-2007 онд Орхон их сургуульд багш, 2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх, 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын даргаар ажиллаж байгаад, 2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.