Ерөнхийлөгч Х.Баттулгыг Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков албан ёсоор угтлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-06-12 17:41:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиевын хамтаар Киргиз улсын Чон-Таш дахь “Ата-Бейит” хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцлоо.



“Ата-Бейит” нь 19 улсын 137 хүнийг нутаглуулсан газарт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн босгосон хөшөө юм. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэтгэл илэрхийлэв. 



Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулгыг  Киргиз улсын Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбеков Бишкек хотын Ала-Арча төрийн цогцолборт албан ёсоор угтлаа. Дараа нь, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков Киргизийн талын албан ёсны төлөөлөгчдийг, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын талын албан ёсны төлөөлөгчдийг тус тус танилцуулав.



Мөн хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, хүндэт харуул жагссанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нар хоёр талын төлөөлөгчдийн хамтаар албан ёсны хэлэлцээ хийхээр Ала-Арча төрийн цогцолборын Конгресс-Холл ордныг зорив.

Холбоотой мэдээ