Бүртгэлгүй, хаяг шошгогүй эм худалдан авахгүй байхыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-03-31 11:29:32

МХЕГ, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар, стандартын шаардлага хангаагүй хаяг, шошгын зөрчилтэй, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг илрүүлж зах зээлээс татах, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ авахаар эмнэлэг, эм хангамжийн байгууллага, худалдааны төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, тариаг худалдан борлуулах, хэрэглэх болон хууль бусаар худалдаалах зөрчил илэрчээ. Тухайлбал, “Сэцэнгоо” эмэгтэйчүүдийн эмнэлэг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй Спектиномицин тариаг хүнд тарьж хэрэглэсэн зөрчил илэрсэн байна.

Уламжлалт эмчилгээ оношилгооны “Найрамдал” эмнэлгийн эмч Э хаяг шошгогүй, гарал үүсэл тодорхойгүй, Хятад хэлээр бичсэн шошго бүхий эмүүдийг тус тус худалдан борлуулж байв.

Дүнжингарав худалдааны төвийн барааны лангуунууд нүдний дусаалга, туулгах үйлчилгээтэй эм борлуулж байсныг илрүүлэн саатуулаад байна. Эдгээр нүдний дусаалга нь хондройтин сульфат, хлорфенирамин малеат болон судас нарийсгах үйлчилгээ бүхий эмийн бодис агуулсан тул ихэвчлэн нүдний харшил, загатнаа, улайлтад зориулагдсан байдаг. Нүдний дусаалгыг дусаах хоорондын зайг ойртуулснаар нүдний торлог бүрхүүл гэмтээх, болор цайрах эрсдэлтэй, эмийн дасал, сөрөг урвал ч үүсч болзошгүй тул эмчийн зааврын дагуу зөв зохистой хэрэглэх шаардлагатай юм. Нүд нь эмзэг эрхтэн тул нүдний дусаалгыг баталгаатай зөвшөөрөлтэй газраас эмч, эм зүйчээс асууж, лавлаж байж хэрэглэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ