Сонсголонгийн шинэ гүүрийн хөдөлгөөнийг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-07-08 11:11:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонсголонгийн хуучин гүүртэй зэрэгцээ Туул гол дээгүүр шинээр барьж байгаа 2 эгнээ, 289.4 метр гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг нээлээ.


Сонсголонгийн гүүр хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй болсноор хөдөлгөөний эрчим ихтэй наадмын өдрүүдэд шинэ, хуучин 2 гүүрээр наадамчин олноо зорчуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

Энэхүү гүүр нь Нийслэлийн авто замын сүлжээний босоо тэнхлэгийн гол хэсэг болох Сонсголонгийн 5.5 км авто замд байрлах бөгөөд хотын төвлөрлийг бууруулах, зорчих хөдөлгөөний эрчмийг нэмж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайжруулах ач холбогдолтой.

Шинэ гүүрийн барилгын ажлыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321.4 урт метр болон Сонсголонгийн 289.4 урт метр төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд 2018 оны 5 дугаар сарын 1-нд эхлүүлсэн. Шинэ гүүрийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр үндэсний үйлдвэрлэгч “Гангүүр” ХХК, хяналтын зөвлөх үйлчилгээний компаниар “Гуанжоу Ванан Констракшн Сүпервишн” компани ажиллаа.

30 метр алгасалттай, Т-хэлбэрийн угсармал дам нуруутай, 11 метр өргөнтэй, 2 эгнээ зорчих хэсэг, явган зам, гэрэлтүүлэг бүхий гүүрэн байгууламж юм.

Төслийн хүрээнд хуучин гүүрийн засварын ажлыг энэ сарын 16-ны өдрөөс эхлүүлж, 2 сарын хугацаанд гүйцэтгэж дуусахаар төлөвлөжээ.

 


Холбоотой мэдээ