Өвөрхангайд малын жилбэ сайн, ихэр төл ихтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 10:29:44

Өвөрхангай аймгийн удирдлагууд сар бүрийн эхний өдөр сэтгүүлчидтэй уулзаж, цаг үеийн мэдээллийг өгдөг уламжлалтай. 4 сарын 1-ний өдөр аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн мал төллөлт, хаваржилтын байдал, хөрөнгө оруулалт, цаг үеийн ажлын талаар товч мэдээлэл өглөө.

2016 онд Өвөрхангай аймгийн хэмжээнд 4,5 сая толгой мал өвөлжиж байгаа ба 4 сарын 1-ний байдлаар 25 мянган толгой мал хорогдоод байна. Хамгийн их нь Бүрд суманд 8 мянган толгой мал хорогдсон бол Баян-Өндөр суманд 4,5 мянга, Сант 3 мянган мал тус бүр хорогджээ. Энэ онд  1,8 сая төл хүлээн авах урьдчилсан дүн мэдээтэй байгаагаас одоогоор 600 гаруй мал төллөөд байгаа аж. Малын жилбэ ерөнхийдөө сайн, ихэр төл ихтэй байгаад малчид ам сайтай байгаа юм.

3 сард цаг агаарын байдал тааруу байж, цас их орсны улмаас зарим сумдад хаваржилт хүндрэн мал, мал төллөлтөнд сөргөөр нөлөөлсөн байна. Аймгаас тодорхой арга хэмжээ авч, өвс тэжээл, бензин шатахууны дэмжлэг үзүүлсэн бөгөөд туулах чадвар сайтай машинуудыг ажиллуулж, зам давааны цасыг арилган малчдыг хаваржаалахад тус нэмэр болжээ. 4 сард цаг агаарын байдал гайгүй өнгөрвөл аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилтаа өнөтэй давж байна гэсэн үг хэмээн аймгийн дарга хэллээ.

Хөрөнгө оруулалтын хувьд Арвайхээр сумын 150 хүүхэд, Бат-Өлзий сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Баян-Өндөр сумын 50 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл, Хужирт сумын Спортын заалын засвар үйлчилгээний сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа ба Хужирт, Тарагт сумдын дунд сургуулийн дотуур байрны их засвар, Арвайхээр сумын 4 дүгээр цэцэрлэгийн засвар, Нарийнтээл сумын цэцэрлэгийн барилгын их засварын зураг төсөв хийгдэж байна. Сонгуулийн жил учраас тендерийн ажлыг 4 сард багтаан дуусгана гэсэн зорилттой байгаа аж. Мөн 400 орчим сая төгрөгөөр Арвайхээрт зам засварын ажлыг хийх юм.

“Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн нээлтийн арга хэмжээ 3 сарын 28-аас эхэлж Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант суманд явагдаж байгаа бөгөөд сумдын залуус сэтгэл ханамжтай байгааг зохион байгуулагчид хэлжээ. 4 сард багтаан 16 суманд зорилтот жилийн ажлыг танилцуулах бөгөөд залуучуудын хөгжилд хувь нэмрээ оруулах нь гол зорилго гэлээ.

Төсвийн хувьд 1,2 сард багагүй хүндрэл үүсч, халамжийн санхүүжилт дутагдаж байсан бол  3 сард төрөөс авах татаас хуваарийн дагуу бүрэн ирж, орон нутгийн орлого зохих хэмжээгээр төвлөрсөн учраас харьцангүй гайгүй өнгөрснийг Д.Тогтохсүрэн дарга онцоллоо.  Өвөрхангай аймгийн төсвийн хүрээнд сард 1,4 орчим тэрбум төгрөгийн зарлага санхүүжүүлэх шаардлагатай байдгаас 700 сая төгрөгийг өөрийн орлогоор бүрдүүлж, үлдсэнийг нь Сангийн яамнаас олгодог аж.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ