“RFC Mongolia 2019” уралдаанд Монголын 40 тамирчин өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2019-07-17 15:26:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын бартаат замын авто спортын холбоо (МБЗАСХ)-ноос “RFC Mongolia 2019” олон улсын уралдааныг энэ сарын 21-26-нд зохион байгуулна.


Шавар, ус, өндөр уулын оргил зэрэг 16 бартааг туулах тус уралдаанд манай орноос 40 гаруй тамирчин өрсөлдөхөөс гадна ОХУ, Малайз улсын тамирчид ирэх төлөвтэй байгааг МБЗАСХ-ноос өнөөдөр мэдээлэв.


МБЗАСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Я.Мягмарсүрэн, “Уралдааныг олон улсын стандарт, дүрмийн дагуу зохиож байгаа учраас аюулгүй байдлыг маш сайн хангасан. Аливаа бартаат замын уралдааныг зохиоход байгаль орчны асуудал хөндөгддөг. Манай холбооноос уралдаанд зориулж шинэ зам хийхгүй бөгөөд голдуу өвлийн уралдаануудад ашиглагддаг замаар явна. Тиймээс байгаль орчин экологт сөрөг нөлөө үзүүлэхгүй. Мөн хог хаягдлын асуудлыг мөнгөн торгууль болоод тэмцээний оноогоор зохицуулна. Саяхан болсон “Мазаалай” бартаат замын уралдаанд манай орноос мэргэжлийн 40 тамирчин, 30 гаруй сонирхогч оролцсон. Газар зүй болон байгалийн онцлогоосоо хамаараад Монгол Улсын тамирчид энэхүү спортын төрлөөр амжилт гаргах боломж их” гэлээ.


Дашрамд дурдахад манай улсад бартаат замаар уралддаг 200 гаруй тамирчин, 20 гаруй холбоо, клуб байдаг аж.

Б. Одгэрэл 

Холбоотой мэдээ