Цахим гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг анхааруулав

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2019-07-22 22:49:39

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас тус аймгийн  хэмжээнд бүртгэгдсэн залилах” гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, гэмт хэргийн шийдвэрлэлт ямархуу байгааг судалжээ. Судалгааг 2018-2019 оны 06 дугаар сарын байдлыг үнэлж дүгнэсэн байна.

Судалгаагаар тус аймгийн иргэд цахим технологийг ашиглахдаа аюулгүй байдлаа сайтар хангадаггүй, хувийн мэдээлэл болон нууц үгээ алддаг,  найз нөхөд, хамаатан садангийн нэрийг барьж мөнгө зээлээч гэх мессеж үгэнд итгэдэг, онлайн дэлгүүрийн худалдааны  үнэн эсэхийг лавлахгүйгээр мөнгө шилжүүлдэг байдал нийтлэг гарчээ.

Мөн “UB лавлах 1900-1950 дугаараас  сумын Засаг дарга болон бусад төрийн байгууллагын хүмүүсийн дугаарыг олж тухайн хүмүүс рүү олон улсын Жайка гэх мэт байгууллагын нэрийг барьж тусламж өгнө, төсөлд хамруулна гэсэн мэдээлэл өгдөг, жолооны үнэмлэх гаргаж өгнө, хүүхдийг нь сургуульд оруулна, Солонгос Улс руу явуулах виз гаргаж өгнө, сүлжээний бизенесээр мөнгө олох, өсөх боломж байна зэрэг асуудлуудад хэт итгэсэн зэрэг байдлаас залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болж байгааг тогтоосон байна.

Тиймээс иргэдийг цахим технологийг ашиглахдаа хувийн мэдээллээ нууцалж байх, хуурамч мэдээллийг нягталж сурах, цахим гэмт хэргийн золиос болохгүй байхыг анхааруулжээ.

Статистик мэдээллээс үзэхэд улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн залилах гэмт хэрэг 2017 онд 38.4, 2018 онд 79.3, 2019 оны нэгдүгээр улиралд 19.5 хувиар өссөн бөгөөд дээх үзүүлэлтүүд нийт гэмт хэргийн 6.7-14.8 хувийг бүрдүүлж байгааг дурдсан байна.  

Холбоотой мэдээ