Маниша Сингх: Монголын талын санал санаачилгыг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-08-14 09:58:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал харицсан туслах Маниша Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Монгол Улсад өрнөсөн ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үйл явц, шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад АНУ үнэтэй хувь нэмэр оруулсныг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцлов.


Түүнчлэн, АНУ-ын Конгресс “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг хэлэлцэн батлах нь Монгол Улсын хувьд эдийн засгаа төрөлжүүлэх, экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэх, улмаар боловсруулах үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг дурдав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг тунхаглан зарласныг тэмдэглэсэн юм.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал харицсан туслах Маниша Сингх хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засгийн асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монголын талын санал санаачилгыг дэмжин ажиллахаа тэмдэглэв.

Холбоотой мэдээ